“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 19 дэхь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн билээ. Өнөөдөр шүүгдэгч Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр Мон Роуд компаниуд давуу байдал бий болгосон гэх хэргийн нотлох баримтыг товчоор шинжлэн судалсан юм.
Энэ үеэр Мон Роуд ХХК-ийн гүйцэтгэсэн Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын ажилтай холбоотой асуудлыг шинжлэн судаллаа. Ингэхдээ зарим гэрчүүдийн өгсөн мэдүүлэгтэй танилцсан юм. Тэгвэл тухайн үед ЗГХЭГ-т референтээр ажиллаж байсан н.Өлзийбаяр мэдүүлэгтээ "Засгийн газрын 2013 оны 124 дугаартай тогтоолыг албажуулах хүрээнд тогтоолыг Н.Батбаяр сайдад танилцуулахад Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамыг шинээр баригдах автозамын жагсаалтын мөрөнд оруул гэж сум зааж бичиглэл үйлдсэн. Хэрэв Н.Батбаяр сайд хэлсэн өөрчлөлтийг нь оруулахгүй бол ЗГ-ын тогтоолд гарын үсэг зурахгүй, тогтоол бүхэлдээ гарахгүй нөхцөл байдал үүсчихсэн байсан" гэжээ.