Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл хийв. Уг мэдээлэлд эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байгааг онцолжээ.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг 2 дугаар сарын 25-ны өдрөөс зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр улсын хэмжээнд 11313 иргэнийг татан аваад байна. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцны 5 удаагийн нислэгээр 1272 гаруй иргэн нутаг буцаад байна. 6 дугаар сарын 26-ны байдлаар 2623 иргэн нутаг буцах өргөдлийг хүлээн авч, өргөдөл гаргасан иргэдийн 230 буюу 9 хувийг өндөр настан, 584 буюу 22 хувийг 0-18 насны хүүхэд, 123 буюу 5 хувийг жирэмсэн эх, 183 буюу 7 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үлдсэн 1425 буюу 54 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
ЭСЯ-наас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай болон санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байна. Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг сонгохдоо УОК-ын зүгээс тавьж ирсэн үндсэн 5 шалгуурыг баримталж ирсэн ч эдгээр шалгуурт хамрагдахгүй бусад иргэдийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан сүүлийн үед үйлдэгдэж буй нислэгүүдэд түлхүү хамруулах чиглэлийг баримталж байна. БНСУ-д манай улсын иргэд олноор оршин суудагтай холбоотойгоор нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол өндөр байдаг тул тусгай үүргийн нислэгүүдийг Сөүл хот руу үйлдэх давтамжийг өндөр байлгаж, нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд 7 дугаар сарын эхний хагаст 4 удаагийн нислэгийг тус хот руу хийхээр төлөвлөж байна.
ЭСЯ-нд хандан шаардлага хүргүүлж буй иргэн бүрийг үйлдэх нислэгүүдэд хамруулах баталгааг УОК-ын Шуурхай штаб гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 2600 гаруй иргэд ЭСЯ-нд хандан бүртгүүлснээс хүндэтгэн үзэх шалтгаантай олон иргэд байгаа тул аль нэг иргэнд баталгаа гаргах нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл болох юм. УОК-ын Шуурхай штабаас Сөүл хот руу үйлдэх нислэгүүдээр ирэх зорчигчдын нэрсийг баталгаажуулахдаа өргөдөл өгсөн он цагийн дараалал, хүндэтгэх шалтгаантай иргэдийн асуудлыг чухалчлан авч үзэх болохыг мэдэгдсэн.
Түүнчлэн, шинэ төрлийн коронавируст цар тахалтай холбоотойгоор мөрдөж буй өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хилийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг цаашид хэрхэн бууруулах асуудлаар УОК-оос тодорхой шийдвэр гараагүй байгаа хэдий ч УОК-ын Шуурхай штабын зүгээс нийт ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэн улс орнуудыг эрсдлийн түвшингээр нь ангилж, бага эрсдэлтэй бүс нутгаас ирэх иргэдийг татан авах, тусгаарлах горимыг шинэчлэх асуудлыг судалж, ойрын хугацаанд УОК-т саналаа танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байна.