Ардчилсан нам дотооддоо шинэчлэл хийх гэж байна. Үндсэндээ 1990 оны бүх ардчиллын хараацайнуудыг буулгах, тэднийг зайгаа тавьж өгөх ёстой хэмээн ардчилсан намын олонх гишүүд үзжээ.
Өчигдөр тус намын зарим гишүүд "АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо" байгуулан намынхаа дарга, дэд дарга нарыг үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээхийг шаардаж буйгаа мэдэгдсэн.
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат "2016 оны УИХ-ын сонгуульд ард түмнээсээ шинэчлэгдээд ир гэх даалгаврыг авсан. Харин өчигдрийн дүнгээр шинэчлэгдэж чадаагүй байна гэдэг дүн авлаа. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Иймд одоо намаа шинэчлэх ёстой" гэсэн юм.
-АН-ын даргын сунгаанд хэд хэдэн хүн яригдаж эхэлжээ-
Нэгдүгээрт, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Төв аймгаас нэр дэвшиж сонгогдсон Ц.Тувааныг ардчилсан намын даргаар томилох асуудал яригджээ. Ц.Тувааныг Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй хүн гэдэг.
Хоёрдугаарт, Сүхбаатар аймгаас нэр дэвшиж сонгогдсон Ж.Батсуурийг мөн тус намын даргаар томилож магадгүй хэмээн ярьсан байна. Харин зарим гишүүд нь Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр зэрэг шинэ залуучуудыг гаргаж ирэх ёстой гэх байр суурьтай байгаа гэнэ.
Ерөнхийдөө АН-ын даргад сонгох хүнийг энэ 2020 оны УИХ-д сонгогдсон, Их Хурлын гишүүд дотроосоо сонгох ёстой гэж ярьж байна.
АН-аас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа, Ц.Туваан зэрэг гишүүд ерөнхийлөгч Х.Баттулгатай их ойрхон гишүүд юм. Учир нь Ш.Адьшаа ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар энэ нь ардчилсан намын толгойд МОХ-ын гаралтай фракц үүсэх магадлал өндөр болж байна.
Түүнчлэн АН жижиг намуудыг нэгдэх уриалга гаргаж байгаа юм байна. 2000 оны 12 дугаар сарын 6-нд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам зэрэг зургаан нам нэгдэж “Ардчилсан нам” болсон шиг бусад ардчиллын төлөө ажилладаг ШИНЭН, ХҮН, Электорат зэрэг намуудыг нэгдэх уриалга гаргах гэж байгаа юм байна.
Ийнхүү АН үндсэндээ гаргасан, хөөсөн бүх гишүүдээ цуглуулах, ардчиллын угшилтай намуудаа нэгтгэн шинээр зохион байгуулалтанд оръё гэх зөв чиглэл рүү явж байгаа аж.