Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж байгаа юм. Үдээс хойш буюу 12.00 цагаас УИХ-ын ээлжит чуулган хуралдахаар болжээ.
Сануулахад, Өнгөрсөн лхагва гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн байдаг.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх"-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.