Яг одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ҮХНӨ болон 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн агуулгыг хэлэлцэж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ҮАБЗ-өөс дэмжигдсэн тохиолдолд уг хуулийг маргааш Засгийн газар хэлэлцэнэ. Мөн ҮХНӨ болоод Төсвийн хүрээний мэдэгдлийг маргаашдаа багтааж хэлэлцэн УИХ-ын даргад өргөн барих бололтой.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн тохиолдолд ҮХНӨ-өөс өмнө хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх юм. Ингэснээр гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчилсөн тохиолдолд ямар хүмүүс Засгийн газар болоод УИХ-д ажиллах вэ гэдэг улс төрийн чиг баримжаа эндээс гарна гэдэг агуулгатайгаар уг хуулийн төслийг ҮХНӨ-өөс өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс яаралтайгаар оруулж байгаа аж.
Хоёрдугаарт, ҮАБЗ-өөс ҮХНӨ-тэй холбоотой асуудлыг дэмжвэл маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэж мөн маргаашдаа багтаж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барих төлөвлөгөөтэй юм байна.