УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2023.04.28-ны нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн зүгээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандаж, "Эрчим хүчний хангамжийн найдвартай байдал"-ын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2023 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Тодруулбал Дорнод бүсэд одоо ажиллаж байгаа Чойбалсан ДЦС-ыг түшиглэн 50 мВт-ын ДЦС-ийг барьж байгаа бөгөөд 2024 онд 100 хувь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төвийн бүсэд Багануурын 400 мВт-ын ДЦС-ийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон байдаг бөгөөд гэрээнд 2021 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
БНХАУ-ын нүүрсний станцын хөрөнгө оруулалтыг хязгаарласан бодлогоос шалтгаалан төслийг хэрэгжилт удааширсан. Концесс эзэмшигчийн зүгээс хувьцаагаа шилжүүлэх замаар төслийг зогсоохгүй хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Төв аймгийн Баянжаргалан суманд 300 мВт-ийн цахилгаан станцыг хувийн хөрөнгө оруулалтаар 2022 он барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. 2024 онд эхний блокийг ашиглалтад оруулна.
Эдгээрээс гадна Эрдэнэбүрэн, Мянгад, Улайстайд цахилгаан дамжуулах агаарын төслийг АХБ-тай Чойр, Сайншанд, Цагаан суваргын чиглэлийг ЕСБХБ-тай, Багануур, Налайх, Улаанбаатар чиглэлийн шугамыг Дэлхийн банктай тус тус хамтран хэрэгжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлсэн. Улсын нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан дээрх төслүүдийг хугацаанаас нь өмнө хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Эхний ээлжинд Эрдэнэбүрэн, Мянгад, Чойр, Сайншанд, Багануур, Чойрын шугамыг эхлүүлэхээр шийдвэрлээд байна" хэмээв.