Хан Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Кайсса" клубын тамирчин олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь нормоо Дэлхийн шатрын 44-р олимпиадад биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Тэгвэл түүний энэхүү цолыг Дэлхийн шатрын холбооноос өчигдөр баталлаа. Түүний хувьд энэ цаг мөчөөс эхлэн албан ёсоор эмэгтэй их мастер цолтон хэмээн дуудуулахаар болж байна.
Т.Мөнхзулыг шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа хүн бол түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх юм. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.
20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн тэрээр Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болсон юм.