Өнгөрөгч гуравдугаар сард МАН-ын бүлэг хуралдаж, хүүхдийн 100 мянган төгрөгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох" тэргүүтэй арван багц саналыг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Түүнчлэн энэ долоо хоногийн бүлгийн хуралдаанаар цалин хөлс, тэтгэвэр нэмэх асуудлаар ЗГ-т чиглэл өгч, ажлын хэсэг ажиллаж байгаа талаар дурдсан. Үүнтэй уялдуулан төсөв тодотгох асуудал яригдаж эхэллээ.
Тодруулбал, 2022 оны эцэст эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрсэн. Энэ үүднээс харвал ирэх намраас эдийн засагт орж ирэх мөнгө болон төсвийн санхүүгийн байдал дээшлэх талаар судлаачид хэлж буй юм. Мөн үүнтэй зэрэгцээд экспортын бараа бүтээгдэхүүн тэр дунаа нүүрсний гаралт тонн тутамдаа 80 ам.доллараар нэмэгдсэнээр мөнгөний орон зай гарч байгаа гэж эрх баригчид тайлбарласан. Энэ хүрээнд цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх асуудал МАН-ын бүлэг дээр яригдсан нь энэ аж.
Ийнхүү хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгамжгүйгээр 100 хувь олгох болон цалин тэтгэвэр нэмэх асуудалд ахиу хэмжээний төсөв зарцуулагдах нь тодорхой. Энэ утгаараа төсөв тодотгох, шинэчлэл хийх шаардлага гарна. Сангийн сайд Б.Жавхлан энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөгүй боловч Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд төсвийн тодотголыг хийх шаардлагатай гэж хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийхээс өөр гарцаагүй байдал бий болсон. Харин хэзээ вэ гэдэг асуудал яригдахаар байна. Учир нь ойрын өдрүүдэд Засгийн газраас Үндсэн хуулийг өргөн барих гэж байгаа. Хэрэв Үндсэн хуулийг чуулганаар хэлэлцэж эхэлбэл өөр бусад хуулийг хэлэлцэхгүй гэсэн үг. УИХ дээр Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн даатгал, боловсролын багц хууль болон дагалдах чухал хуулиуд бий. Тиймээс төсвийн тодотгол энэ хаврын чуулганаар амжих уу гэдэг асуудал байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар төсвийн тодотголыг энэ хаврын чуулганаар амжуулах боломж бага. Хэрвээ амжуулж хийхгүй бол 9 сар гэхэд хийж магадгүй гэж яригдаж байна. Ямартай ч төсөвт тодотгол хийх нь болж байна.