Та нарын ойр дотнын маш олон хүн Австрали, Солонгос руу ажиллахаар Япон, АНУ, Герман, Ирланд руу сурахаар явчихсан, аль эсвэл явах гэж буй, бүүр үгүй бол явахаар хөөцөлдөж байгаа байх. Хэн нэгэнтээ таараад өнгөрөх төдийд л “Найз нь визийн хариугаа хүлээгээд. Гарчихвал энэ сардаа багтаад явчих байх. Эхлээд очиж ажиллана. Дараа нь суралцах” хүсэлтэй буйгаа ярина.
Уг нь залуусын энэ бодол Монголоос “зайлах” хүсэл биш амьдрал ахуй боловсролоо дээшлүүлэх гэсэн хүсэл мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэг ч байж болох. Мөрөөдөл ч гэж дээ. Тэдний хүсдэг мөрөөддөг амьдрал шал ондоо. Зүгээр л анхдагч хэрэгцээгээ хангах гэж яваагаа тэд маш сайн мэддэг буй за. Ямар хүн эх орон, элгэн саднаасаа хол буудлын шал угаах, барилга дээр ажиллахыг хүсэх вэ дээ.
Эх орондоо байхдаа 40 хүүхдийн өмнө хичээл заагаад таахалзаж зогссон багш, микрофон бариад гүйж явсан сэтгүүлч, үхэлтэй тэмцэж буй иргэнд хагалгаа хийгээд зогсож байсан эмч, аюулаас хамгаалах цагдаа нь хүртэл зөвхөн анхдагч хэрэгцээгээ хангахын тулд л Солонгос, Австралид очиж яс махаа тасартал ажиллаж буй.
Анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй, эх орондоо л байгаа хэд нь стресс, депрессдээ баригдаж, тэр ч бүү хэл ажлаас залхах хам шинжтэй болчихсон. Уг нь залуучууд, бүү хэл багачууд дунд ч зүгээр гараа хумхиад суугаа хүн лав цөөхөн харагдана. Бүгд л болсон болоогүй ямар нэг ажил хийж байгааг та бүхэн харж байгаа. Гэсэн ч үл бүтэх учраас гадагшаа л явж хэдэн цаастай болох, ирээд бизнес хийх хүсэлтэй болчихно.
Харин явсан хэд нь эхлээд “Монголоос явах хүсэлтэй. Яваад очсон дараагаа эх орноо л хөгжүүлэх хүсэлтэй болчихдог” хэмээн ярих юм. Анхдагч хэрэгцээ нь мэдээж ойлгомжтой. Гэр бүлээрээ амьдарч болох байр, машин өөр юу ч биш. “Өвгөн чинь энд ирснийх байр машины мөнгө хийчихвэл удахгүй буцна аа. Ямар амь биш заяа биш. Ядаад л орох оронтой болчихвол санаа зовохгүй ажлаа хийгээд хэдэн цаасаараа амьдрал ахуйгаа болгоод байж болно. Гэтэл юу юу ч үгүй болохоор авсан хэд нь байрны түрээсийн мөнгөндөө явчхаад байх юм. Уг нь Монголдоо байвал ч 80 хүрэхгүй тооны сэхээний эмч нарын нэг нь би шүү дээ” хэмээн ярих нь нэг нь ч байна.
Тэдэнд эх орондоо байхад нь тулгамддаг асуудал ердөө л тоотой хэдхэн. Нийгмийн шударга бус байдал. Авсан цалин нь хаанаа ч хүрэхгүй байх. Хэмнээд байхад л хэрэглээний зардал нь талийж өгдөг явдал. Тодруулъя л даа. Цалингаа авлаа түрээсээ төллөө үлдсэнээр нь амьдрах гэхээр үсрээд л 200 мянган төгрөг үлдлээ. Будаа, гурил ногоо, тогны мөнгөө төллөө ингээд л дуусаа.
“Бидэнд өмсөж, зүүх гар утсаар ярих ч эрх байдаггүй гэж үү” хэмээн уйлахаас наагуур ярилцана. Хааяа хоржин ч юм шиг хортой ч юм шиг үг хэлэлцэнэ. “Цалин орлоо. Халин одлоо”, “Цалинтай тулдаа өртэй явна гэх” чин үнэн ч бий. “Усны мөнгөө хэмнээд аягаа ус тосож угаана, будаанаас гурил илүү хямд учраас түүгээр л хоол түрэнгэд хийж иднэ. Тогны мөнгөө хэмнээд ширээний гэрлээр хичээл хийнэ. Заримдаа юу ч үгүй болох үед нойлын цаас дуусах хүртэл хүнд тусна Монгол тийм л газар. Гэхдээ би залуу хүн учраас заавал эргэж очно” хэмээн гадаад гарсан бүх найзууд минь ярилцах авай.
Уг нь Монгол гэдэг найгүй хөгжилтэй улс бий болчхоод. Япон, Солонгос, АНУ-ын залуус нь Монголд очоод л харлачих юм сан гэж мөрөөдөөд л. Ирээд харласан хэдийг нь манай иммергейшн барьж буцаагаад л. Тэгдэг бол гоё оо.
Эцэст нь хэлэхэд би ч гэсэн явмаар бас явмааргүй байна.