Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Оргил: Савны хий нь төрсний дараах гам алдалт, үр хөндөлт, сарын тэмдгийн хямрал зэргээс үүдэн бий болдог

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 0 секунд

Эмэгтэйчүүд савны хийтэй болсон, даарч хөрснөөс үүдсэн гэх мэт асуудлыг ярилцдаг ч энэ өвчний талаар төдийлөн сайн мэддэггүй. Юуны улмаас үүсдэг, ямар сөрөг үр дагавартай гэдгийг ч анхаардаггүй. Тиймээс бид бүсгүйчүүддээ савны хий буюу голын хий өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олгох үүднээс "Queen med" уламжлалт эмнэлгийн их эмч Г.Оргилтой ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн дунд голын хий буюу савны хий гэх өвчин байдаг шүү дээ. Ер нь савны хий гэж юу вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Савны хийний тухай ярихын өмнө уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолын талаар дурдах нь зүйтэй. Савны хий гэдэг нь хийн хямралаас болж өөрчлөлт гардаг өвчин юм. Хийн хямрал гэхээр дээрх гурван махбодын хий махбод зонхилон умайд хямрал үүсгэснээр илэрнэ. Савны хий нь ерөнхийдөө эмэгтэйчүүдийн өвчин бөгөөд хий бүрэлдэх өвчний нэг.

-Савны хий гэх нэршлийн хувьд мэдээлэл өгөхгүй юу. Олон улсад мөн ямар нэршилтэй байдаг вэ?

-Уламжлалт анагаах ухааны хувьд хий бүрэлдэх өвчнийг ардын эмчилгээний явцад ийнхүү нэрлэсэн. Эмэгтэйчүүдийн хувьд цус бүрэлдэх өвчнийг эмчлүүлэхгүй удвал хий бүрэлдэх өвчин бий болдог.

Тодруулбал, төрөлтийн дараах гам алдалт болон үр хөндөлт, сарын тэмдгийн хямрал мөн бөөр, давсагны архаг үрэвслүүд архагших зэрэг нь цус бүрэлдэх өвчнийг үүсгэдэг. Гэтэл савны хий үүсэх шалтгаан нөхцөл нь дээрх зүйлээс уялдаж буюу хийг хямраах сэрүүн нөхцлийн улмаас үүсдэг гэсэн үг.

-Шалтгаан нөхцөл гээд сая та жишээ авлаа. Өөр ямар ямар шалтгаанаас үүдэн савны хий үүсдэг вэ. Хүмүүсийн ярьдгаар доороосоо даарах, газтай ундаа их хэмжээгээр уух зэргээс үүдэн үүсдэг гэцгээдэг шүү дээ?

-Доороосоо даарсан тохиолдолд төдийлөн хий бүрэлдэх өвчин буюу савны хий үүсгэхгүй. Энэ нь өрөөсгөл ойлголт. Тиймээс ерөнхийдөө цус бүрэлдэх өвчин нь хүндэрсэн тохиолдолд хий бүрэлдэх өвчнийг үүсгэдэг.

Харин хийжүүлсэн ундааны хувьд энэ нь нэгэнт хий явж байгаа учраас үүнийг эмэгтэйчүүд их хэрэглэснээс үүдэн хий махбодыг хэвийн түвшнээс их болгоно. Гэхдээ мөн л төдийлөн ач холбогдолтой биш.

-Савны хийг гаргахгүй, удаан явсны эцэст хүний биед ямар ямар сөрөг үр дагавартай вэ?

-Савны хийг гаргадаг гэдэг нь нэг талаараа бас л өрөөсгөл ойлголт. Учир нь хий бүрэлдэх өвчин нь уламжлалтын эмчилгээнд заавал ерөндгөөр эмчлэгддэг. Тухайлбал, идээ унд, явдал мөр, эмийн болон заслын эмчилгээ гэсэн дөрвөн төрлийн ерөндгөөр эмчлэгддэг.

  • Идээ унд гэхээр тухайн хүн юу идэж ууж байна түүнээс өвчлөл үүсэх
  • Явдал мөр гэдэг нь амьдралын хэв маяг, нойрны хямрал, биеийн хүчний болон суугаа ажил хийдэг эсэхээс үүсдэг. Тиймээс тэр болгоноо засах шаардлагатай
  • Эмийн болон заслын эмчилгээ нь эмчийн зүгээс хийгдэж буй эмчилгээ ордог.

Харин хий бүрэлдэх эмчилгээний хувьд эмийн болон заслын эмчилгээ буюу бүлээн чанарын эмчилгээ хийгддэг. Энэ нь мөн л олон төрлийн эмчилгээ багтдаг.

-Хүний биед ямар төрлийн хий байдаг вэ?

-Хүний биед 5 төрлийн хий байдаг. Үүнд,

  • Амь баригч
  • Дээш гүйгч
  • Гал тэгшитгэгч хий
  • Зүрхэнд түгээч
  • Уруу арилгагч хий гэж байдаг.

Үүний уруу арилгагч хий нь сарын тэмдгийг доош гаргах, өтгөн шингэнийг гаргах, барих жирэмсэн эхийн ургийг барих гэх мэт үйлдлийг барьдаг хий юм. Уруу арилгагч хий нь буруу байрлалтай буюу дээшээ байрлалтай болохоор савны хийг үүсгэдэг гэж үздэг. Мөн бусад 4 хийг уруу арилгагч хий буруу байрлалтай болсноор хямраадаг. Түүнээс үүдэн хий бүрэлдэх өвчний бусад зовууриуд бий болдог.

-Савны хийтэй болсон үед илрэх шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шинж тэмдгийн хувьд өмнө хэлсэнчлэн уруу арилгагч хий дээш урсгалтай болсноос үүдэн бусад 4 хийгээ хямрааж, хорлож тэр дундаа зүрхэнд түгээгч хийг хямрааснаар зүрх дэлсэх, дотор давчдах, амьсгал дутуу авах мэдрэмж төрөх, оюун санааг тогтворгүй болгох, шөнө дунд сэрэх, нойр муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Мөн ходоод баригч хийг хямрааснаар хоолны шингэц муудах, аюулхай орчмоор цанхайж хий дүүрэх, хэхрүүлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Харин хамгийн хүндэрсэн хэлбэр нь амь баригч хийг хямраах тохиолдолд солиорол буюу янз бүрийн сэтгэцийн өвчнийг бий болгоно. Тэгэхээр савны хийн хүнд, хөнгөнөөс шалтгаалан тухайн хүнд янз бүрийн буюу хүнд, хөнгөн шинж тэмдэг илэрдэг. Хүмүүсийн шинж тэмдэг харилцан адилгүй байна.

-Зөвхөн уламжлалт анагаах ухааны онолоор л энэхүү өвчнийг эмчилдэг гэж яригддаг шүү дээ. Тиймээс эмчилгээ талаас нь мэдээлэл өгөхгүй юу?

-Уламжлалт анагаах ухааны хувьд цус бүрэлдэх, хий бүрэлдэх гэсэн бие махбодын хямрал байдаг гэж үздэг. Шинжлэх ухаанаар огт батлагдаагүй. Энэ нь шинжлэх ухааны хувьд хий махбод байдаг гэдэг нь батлагдаагүйтэй холбоотой.

Хий махбодтой холбоотой бүх өвчлөлүүд нь шинжлэх ухааны хувьд асуудалтай яваад байдаг.

-Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд яг юу анхаарах хэрэгтэй юм бэ?

-Идээ ундааны хувьд эмэгтэйчүүд маань бүлээн шимтэй буюу шөл, устай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Энд юу юу багтдаг вэ гэхээр хар шөл, бууз банш, битүү шөл идэх хэрэгтэй.

Харин явдал мөрийн хувьд аль болох даарч хөрөхгүй байх, хөлстэй явахгүй байх гэх мэт зүйлсийг анхаарах шаардлагатай. Нэгэнт савны хий гэсэн онош тавигдвал үүсгэх хүчин зүйлүүдийг хорих шаардлагатай.

-Та өмнө нь амь баригч хий буюу тархины хийг хямрааснаар сэтгэцэд нөлөөлнө гэж ярьсан шүү дээ. Үүнээс үүдэн савны халуун буюу сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэл бий гэсэн үг үү?

-Тийм. Уруугаа арилгах хий буруу байрлалтай болсноор амь баригч хийнд нөлөөлж, дээшээ чиглэлтэй болж бөөр, ходоод, тархи, яс гэх мэт махбодод нөлөөлж, яс мах шархирч өвддөг, зүрх дэлсдэг, гэдэс хий дүүрдэг гэх мэт олон төрлийн хийг хямрааснаас үүддэг.

Харин амь баригч буюу толгойд байрлалтай хийг хямрааснаар бодол сэтгэц рүү нөлөөлөх тохиолдол бий болдог. Тиймээс хүмүүс хий махбодыг хэвийн байлгах шаардлага бий юм.

-Ярилцсанд баярлалаа.

ГХЯ: Хоёр настай хүүхдийн биеийн байдал хэвийн. Аав ээж нь хоёулаа харласан учраас харах хүнгүй хамт хорьсон юм билээ
ГХЯ: Хоёр настай хүүхдийн биеийн байдал хэвийн. Аав ээж нь хоёулаа харласан учраас харах хүнгүй хамт хорьсон юм билээ
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.