“Шинжиан шинфа” ХХК-ний захирал Хятад иргэнийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор дарамталж гэрээнд хүчээр гарын үсэг зуруулж, эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаарджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2021 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 19:28 цагт иргэн М.Энхзаяагаас “Манай захирал Хятад Улсын иргэн Вү Жөн Жүн /Wu Zhenjun/-ийг “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 30 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд үл таних 3 залуу зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулахад тус хэргийг О, Б, Э нарын захиалгаар Д, М, Б, Х нар нь үйлдсэн болохыг тогтоожээ. Ингэхдээ тэднийг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Хэргийн тухайд, яллагдагчаар татагдсан О, Б, Э нарын захиалгаар яллагдагч Д, М, Б, Х нар нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Юу” /CU/ дэлгүүрийн ойролцоох Алтайн 30 дугаар байрны орчимд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн Вү Жөн Жүн /Wu Zhen Jun/-ийг өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд Круйзер” 200 маркийн 58-79 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган түүний хүзүүнд хутга тулгах, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэжээ. Ингэхдээ “Шинжиан шинфа” ХХК-ний Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдад хаягласан “Гэрээнээс татгалзуулах тухай” хуурамч албан бланк, тамга, тэмдэг бүхий 2021 оны есдүгээр сарын 02-ны өдрийн А/01/012 тоот бичигт хүч хэрэглэн гарын үсэг зуруулж, хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн аж. Эл хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх үйлдэл нь мөрдөн шалгаж дууссөн бөгөөд хэргийн материалыг оролцогч нарт танилцуулж, хэргийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.