Маргааш буюу /2023.04.18/-ны өдөр баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга ГАМШГИЙН хэмжээнд хүрэх тул УЦУОШГ болон ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-аас "Цаг агаарын аюултай үзэгдлийн үед малчид болон иргэд хөдөлмөрчид та бүхэн цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй сонсож, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхдүүдийг гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх, малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, уруудсан малынхаа араас явахдаа дулаан хувцастай явах, тээврийн хэрэгсэл болон холбоо барих боломжтой байхыг анхааруулж байна.
Мөн авто замд халтиргаа гулгаа үүсэж, зам хаагдах эрсдэлтэй тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, нөөц шатахуунтай байх, дулаан хувцсыг бэлтгэх, баталгаагүй зам гүүрээр гарахгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй.
Малчид салхи, шуурганд төөрч малтайгаа уруудахаас сэргийлэх, бага насны хүүхдийг малын араас явуулахгүй байх, хүчтэй салхи шуурганы улмаас галын аюулгүй байдал алдагддаг тул ой хээрт явахдаа галын болон бусад эрсдэлээс болгоомжлох, бага насны хүүхдэд гал гаргах зүйлсийг өгч явуулахгүй байх, айл өрхүүд асаасан үнс нурмаа ил задгай хаяхгүй, зориулалтын тагтай саванд хийх, гэр, хашаа байшин, саравч, худгийн ойролцоо 100-аас доошгүй метрын өргөнтэй цурам татах шаардлагатай. Түүнээс гадна онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байхыг анхаарулж байна" гэв.