Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2019 онд УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж түүнд намтай холбоотой гурван заалтыг тусгасан байдаг. Түүний нэг нь Улс төрийн нам бол нийт сонгогчдын нэг хувийн дэмжлэгийг авч нам байгуулахаар заасан. Гэхдээ Үндсэн хуулийн дагаж мөрдөх хугацаа 2028 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих учиртай.
Бид өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хууль, бусад хууль эрх зүйн орчны хүрээнд хуулийг боловсруулах ёстой. Тэр утгаараа өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж байгаа хуулийн төсөлд улс төрийн нам байгуулахад 801 иргэн оролцсон байхаар заасан. Гэвч цаашдаа 2028 оны нэгдүгээр сарын 01-нээс энэ Үндсэн хуулийн заалт хэрэгжих учраас бид үүнтэй уялдуулан санхүүжилтийн хэлбэр болоод бусад зүйлд сонгогчдын нэг хувь гэдэг заалтыг оруулсан байгаа. Мэдээж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, үгүй юу, гэдэг асуудлыг хөндөх нь парламентын бүрэн эрхийн асуудал.
Хоёрдугаарт, хатуу гишүүнчлэлийн асуудлыг ялангуяа парламентад суудалгүй намуудаас нэлээд хүчтэй тавьж байсан. Тиймээс энэ удаагийн улс төрийн намын шинэчилсэн найруулгад гишүүдийг хоёр хувааж үзэхээр заалт оруулсан. Нэгдүгээрт, намын гишүүн буюу намын жинхэнэ гишүүн гэж байна. Намын жинхэнэ гишүүн бол намын үзэл баримтлалаар нэгдэж хамгийн гол нь гишүүний татвараа төлдөг. Намын дотоод сонгуульд саналын эрхтэй оролцдог. Намаас томилогдох албан тушаалд явдаг энэ гишүүдийг намын жинхэнэ гишүүн гэдэг томьёоллоор явж байгаа.
Хоёрдугаарт намын дэмжигч гишүүн гэж байна. Энэ нь Намын үзэл баримтлал, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүд юм. Дэмжигч гишүүдийг татвар төлөхийг заавал шаардахгүй. Намын дотоод сонгуульд заавал саналын эрхтэй оролцохыг шаардахгүй байхыг зохицуулсан.
Тиймээс өнөөдөр намуудад байгаа гишүүнчлэлийг бид хоёр хувааж үзэж байна. Агуулгаараа хатуу гишүүнчлэлээсээ татгалзах алхмыг хуульд хийсэн гэж ойлгож болно" хэмээв.