Гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжилтай монгол өрх, гэр бүлийн түүхийн талаар ярилцлаа. Тэр дундаа Монголын түүхийн алтан үе XIII зууны үеийн гэр бүл, Чингис хааны гэр бүлээ авч явах ур ухаан болон монгол төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцан та бүхэндээ хүргэж байна. Судлаач Т.Намжил нь монгол өрх, гэр бүлийн түүхийн талаар 5 цуврал ном гарган, олны хүртээл болгоод байгаа юм.
-Та анх хэзээ, яагаад монгол өрх, гэр бүлийн түүхийг судалж эхлэв?
-Би 1994 онд Сурган хүмүүжүүлэх ухааны түүхийн хичээл заах арга зүйн асуудлаар доктор хамгаалсан. Ингээд 1995 оноос гэр бүл рүү орсон. Яагаад гэвэл би Монголын түүхийн хичээлд эх оронч уламжлал ашиглах тухай асуудлаар дэд доктор хамгаалсан юм. Тэр явцад эх оронч үзэл, түүнийг авч явдаг уламжлал хаанаас эхтэй юм бэ гэдэг асуудал надад тавигдсан. Тэгээд судлахад ерөөсөө л монгол гэр бүлд л энэ бүхэн үүсэж, өвлөгдсөн байсан. Тэгэхээр гэр бүл нийгмийн гол цөм болж байгаа учраас үүнийг анхаарч үзье гээд л анх энэ сэдэв рүү орсон доо.
-Хичнээн жилийн судалгааны үр дүнд, хэр хугацаанд бичиж энэхүү цуврал номуудаа олны хүртээл болгов?
-1995 оноос хойш энэ сэдвийг судалж, өнөөг хүртэл надаас гарсан энэ олон материалуудаас юуг нь би хойч үедээ үлдээх вэ гэж их бодсон. Тэгээд ерөөсөө л монгол гэр бүлийн түүх, уламжлал, орчин үе, цаашдын хандлагын асуудлыг л сорчилж үлдээе гэж шийдсэн. Тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд “Монгол өрх, гэр бүл” гэсэн 5 цуврал номоо гаргалаа.
-Бид Монголын түүх гэхээр улс төрийн түүх, дайн байлдааны түүх, аж ахуй, соёлын түүхийг л авч үздэг. Харин өрх, гэр бүлийн түүхийг төдийлөн ярьдаггүй. Монголд гэр бүл ер нь анх хэдийд үед үүссэн юм бэ?
-Залуучууд та нар бол монгол өрх, гэр бүлийг бараг л Чингисийн үед үүссэн, зарим нь Хүннүгийн үеэс үүссэн гэж боддог. Баттай мэддэггүй. Миний хувьд монгол өрх, гэр бүлийг архивын материал, нам төрийн албан ёсны баримт бичиг тэр дундаа эртний судлалын олдвор археологийн олдворууд дээр тулгуурлан судалсан.
Ингэхдээ нэрт археологичдыг даган Өвөрмонголоос нааш Далан хар уул, Байгаль нуур хүртэл хадны сүг зургийг судаллаа. Ингэхэд манай монголд 4000 гаруй жилийн өмнө бүлгээрээ (олон эхнэртэй) гэр бүл байжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үүний дараа хосолмол гэр бүл үүссэн байна. Тэгэхээр бидний Монголын гэр бүл одоогоос 4000 гаруй жилийн өмнө үүсчээ гэдгийг баттай хэлж болно. Энэ олон зууны түүхтэй монгол гэр бүлээрээ бид бахархах ёстой.
-4000 гаруй жилийн өмнө гэхээр Хүрэл зэвсгийн үед гэсэн үг үү?
-Тийм. Хүрэл зэвсгийн үе гэхээр Хүннүгээс өмнөх үед гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл хүрэл зэвсэг нийгмийн амьдралд, үйлдвэрлэх хүчинд өөрчлөлт гаргаж, хөдөлмөрийн багаж зэвсэг сайжирсан тул гэр бүлээрээ бие даан амьдрах боломжтой болсон. Ингээд яваандаа Хүннүгийн үеэс моногами гэр бүл үүсэн уламжлагдсан ийм учиртай. Яахав, дээдэс, ноёд, тайж нарын хүрээнд бол олон эхнэртэй байх явдал байсан харин жирийн иргэдийн хувьд бол үгүй. Тоонотой гэрт толгой холбосон хос гэр бүл амьдарсаар ирсэн байна.
-Монголын түүхийн “алтан үе” хэмээн нэрлэгддэг XIII зууны үеийн гэр бүлийг голчлон яръя гэж бодож байна. Чингис хааныг бид агуу удирдагч, байлдан дагуулагч гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл тэр гэр бүлээ хэрхэн авч явж байв?
Чингис хаан тэнгэрээс ирээгүй, эхээс төрсөн, гэр бүлд төрсөн. Тэгэхээр Чингис хааны гэр бүл ямар байсан бэ гэдгийг Монголын нууц товчоон дээр тулгуурлан судалъя гэж шийдсэн, судалсан. Та бүхэн анзаарвал Монгол нууц товчоон дээр Чингис хаан “сэтгэл” гэж нэг бус удаа дурьдсан байгаа.
“Улсыг хураая гэвэл хүмүүнийг хураа, хүмүүнийг хураая гэвэл сэтгэлийг нь хураа” гэсэн байдаг.
Тэгэхээр Чингис хааны гэр бүлийн харилцаанд үлдээсэн нэг үнэт уламжлал бол хүний сэтгэлийг ойлгож харилцах асуудал юм. Чингис хааны гэр бүлийн хамгийн гол харилцааны цөм бол Бөртэ хатан, Чингис хаан хоёрын бие биедээ түшиг тулгуур болж ирсэн дотно харилцаа л байсан. Бөртэ хатныгаа хичнээн хүндэтгэдэг байсан нь Нууц товчоон дээр байгаа. Бөртэ хатныгаа хичнээн харддаг байсан нь ч байгаа. Харддаг сэтгэл эрт үеэс байсан ш дээ. Түүнийг нь мэдээд Бөртэ хатан зөрчил гаргадаггүй л байсан.
-Одоогийн гэр бүлийг бодвол олон хатан, олон эхнэртэй байсан үе шүү дээ, тухайн цаг үе. Тэгвэл Чингис хаан энэ үед хэрхэн тэр олон хатдыг хагаралдуулахгүй, өрх гэрээ авч явдаг байсан юм бол?
Яахав, Чингис хаан 4 хатантай байжээ. Гэхдээ тэнд хэм хэмжээ гэж байсан. Их гэрийг толгойлж байгаа их хатан бүгдийг захирдаг. Гэсэн ч бусад хатад тусдаа ордонтой, өмч хөрөнгөтэй, зохих хэмжээний эрх мэдэлтэй. Ийм хэм хэмжээтэй байсан учраас тэнд төдийлөн зөрчил гарахгүй.
Бас нэг гол асуудал бол Чингис хаан ялангуяа их хатаддаа өөрийн бодлого, зорилгоо хэлдэг байсан байгаа юм. Тэгэхээр нөгөө нарийн ухаантай эхнэрүүд чинь зөвлөж өгдөг. Жишээ нь, Тангуд руу байлдаанд явахын өмнө Есүй хатан их хуралдай дээр үг хэлж, хаан ширээг нь хэн залгамжлах юм бэ гэж асуусан байдаг. Үүнийг Чингис хаан "нээрээ тийм" гэсэн хандлагаар хүлээж авсан нь харагддаг. Ийм л байна.
-Чингис хааны гэр бүлээ авч явсан ур ухаанаас бид юуг нь хамгийн их үлгэр жишээ болгон суралцах ёстой вэ? Таны бодлоор?
-Чингис хаан эмэгтэйчүүдийг их дээдэлж үздэг байсан. Энэ нь манай монголчуудын ёсоор бол арга билгийн ёс байгаа юм. Чингис хаан арга бол Бөртэ хатан билэг нь болж ирсэн байна. Чингис хаан эмэгтэйчүүдийг өөрийнхөө байнгын зөвлөгч, түшиг болгож авч явж байсан. Та нар мэдэж байгаа, Нууц товчоон дээр Чингис хаан эр эм хүмүүсийг нэг тэрэгний хоёр арал лугаа адил явах ёстой гэж хэлдэг байсан.
Харин Чингис хааны дараах үе, Манжийн үед энэ алдагдсан шүү. Дан эрчүүдийг улс орны дээд хэмжээнд гаргаж ирсэн. Эмэгтэйчүүдийг дорд үзэх болсон. Тэрийг нь Манж бүр бататгаад өгсөн. Ялалдаг, цөлөлдөг, дураараа авч эзэгнэдэг болгосон.
Харин Чингис хаан бол айл гэрийг авч явахаар эр, эм хоёрыг бий болгосон хорвоогийн жамыг эрхэмлэж ирсэн.
Одоо сонгууль гээд хүмүүс шуурч байна. Эмэгтэйчүүдийг 20,30% хүртэл ч гэнэ үү оруулж, сонгоорой л гээд байна. Энэ нь нөгөө арга билгийн ёс чинь алдагдчихаад, одоо тэрийг нь сэргээх гээд улс төрийн хүрээнд яригдаж байгаа нь энэ байхгүй юу.
Ухааныг нь сэлбэж явдаг, түшдэг монгол эмэгтэй хүн бол их мэдрэмжтэй тэгээд харилцааг чухалчилдаг. Тийм байхад ийм хүмүүсээ орхиод дан эрчүүд эзэгнээд байвал тэр төрд эмэгтэй хүний мэдрэмж, анхаарагдах зүйлс дандаа хаягдаад явна гэсэн үг.
Энэ үед нийгэм болоод манай эрчүүд эмэгтэйчүүдэд гарч байгаа өөрчлөлтийг маш сайн анзаарч, өөрсдөө хоцрохгүй явах шаардлага үүсч байна. Эрэгтэйчүүд хоцрогдоод ирвэл бас доголдоно гэсэн үг. Тиймээс хоёулаа адилхан тэнцүү явах хэрэгтэй.
-Таны судалгааны явцад өрх гэрээ хамгийн сайхан авч явсан хатан хэн байсан гэж хэлэх вэ?
-Яг Чингисийн үеэс гэвэл би Бөртэг илүү судалсан юм. Мөн бид Сорхугтани хатныг орхиж болохгүй. Тэр хэцүү цаг үед маш үнэнчээр улсаа авч явсан. Тиймээс би энэ 2 хатныг их эрхэмлэдэг.
Ер нь манай монгол бүсгүйчүүд энэ газар нутагт эрхэлсэн ажил, амьдарч ирсэн амьдралын хэв маяг нь гайхалтай шүү. Эмэгтэйчүүдийн хүчээр л энэ Монгол явж ирсэн гэхэд хэлсдэхгүй дээ. Одоо энэ чанараа л алдаж болохгүй.
-Гэр бүлийн хүрээнд Чингис хааны ажиглагддаг өөр нэг ухаан нь ах дүү гэр бүл гэхгүйгээр хэн илүү зүтгэж, гавьяа байгуулсанд нь л илүү шан харамж шударгаар хүртээдэг байсан нь Нууц товчооноос харагддаг. Ямар сайндаа Чингис хааны Өэлүн эхэд хүртээсэн хишгийг “эх чамлаж эс дугарлаа” гэж хүртэл бичсэн байдаг. Гэтэл тэр үед байтугай одоо хүртэл эрх мэдэлтэй хүмүүс өөрийн гэр бүлээ л дээш нь татаж, тушаал дэвшүүлэхийг боддог шүү дээ.
-Тийм. Чингис хаан үнэхээр хэн илүү зүтгэсэнд нь л шударгаар шан харамж илүү хүртээдэг байсан. Үүний бас нэг жишээ нь, Жамуха, Тэмүжин хаан хоёр тэмцэлдэж байсан. Тухайн үедээ хүч тэнцүү байсан. Хоёулаа хүчтэй, олон дагалдагчтай байсан. Гэтэл сүүлд өрсөлдөөн ширүүсэхэд Жамухын тал хорогдож ирсэн байгаа юм. Тэдний хүмүүс нь Тэмүжин рүү орж ирсэн. Үүний шалтгаан нь саяын чиний хэлсэн чинь байгаа юм.
Жамуха бол бүх хүнийг тэгш үздэг. Түүнээс биш энэ хүн амиа тавин, цусаа урсган энэ тулаанд амжилт байгууллаа гэж үздэггүй. Нөгөө ард нь явж байсан цэрэгтэй нь адилхан шан харамж өгчихдөг. Харин Тэмүжин бол хүн бүрийн онцлогийг нь харгалзаад хишиг хүртээдэг, илүү зүтгэснийг нь эхлээд үгээрээ магтаад дараа нь шанг нь хүртээдэг байсан. Тэгэхээр тэр мундаг хүмүүс чадвараа үнэлүүлэхийн тулд Жамухаас салан Тэмүжин рүү ирж байгаа юм. Чингис хаан тийм гайхамшигтай ухаантай хүн байсан. Хүний сэтгэлийг боддог.
Залуучууд минь Монголын нууц товчоогоо уншаарай, сэтгэл гэдэг үгийг тоолоорой гэж эцэст нь хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Х.Үүрийнтуяа (Улаанбаатар ньюс)