Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхээс Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж үзэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 4 секунд

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох шүүх хуралдаан өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн юм.

Шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, Н.Энхбаяр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Н.Энхбаярыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан, аж ахуйн нэгжид онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял шийтгэж, өршөөн хэлтрүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор холбогдох гурван үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас лавлагаа ирүүлснийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан байдаг.
Шүүх нэхэмжлэлийг хүлээж авсны маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 27-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
- Хариуцагч СЕХ 2020.05.28-нд шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020 оны 06 дугаар сарын 02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
- Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, ял шийтгэлийн тэмдэглэлд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан.
- 2020 оны 06 сарын 5, 6, 7 нийтээр амрах амралтын өдөр таарсан тул шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
- Цагдаагийн ерөнхий газраас 2020.06.12-ны өдөр хариу тайлбар ирсэн тул 2020.06.15-нд Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүх хуралдааныг 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад товлосон.

Эх сурвалж: ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Хоол хүнсний гаралтай халдвар, хордлогоос сэрэмжилье
Хоол хүнсний гаралтай халдвар, хордлогоос сэрэмжилье
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.