Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Давааням нарт холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Давааням, авто тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболд, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Э.Шарав-Арилдий нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нүүрс тээвэрлэж явсан нийт 197 тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгүйгээгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс тус хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Даваанямыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, мэргэжилтэн Б.Оргилболд, инженер Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэн С, Э нарыг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.