Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдвары талаар хэвлэлийн хурал хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ковид-19 халдвараар дэлхийн 216 улсад оронд бүртгэгдэж, 8 сая 383 мянган хүн өвчилж, 450 мянга гаруй хүн нас барсан байна. Одоогоор 4,3 сая хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол 3,5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 131 мянган хүн шинээр өвчилж, 5 мянга гаруй хүн нас барсан байна.
ОХУ-ын хувьд сүүлийн 24 цагт 7843 хүн шинээр өвчилсан байна. Манай олон аймагтай хил залгадаг Тува, Буриадад 38-118 хүнээр нэмэгдсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 270 хүн шинээр ажиглалтанд орж, ажиглалтаас 362 хүн гарч гэрийн тусгаарлалтанд шилжсэн, нийт тусгаарлалтанд 1631 хүн байна. Ажиглалтын байранд 0-5 насны хүүхэд 64, жирэмсэн 28, архаг хууч өвчтэй 38 хүн байна.
Иргэдийн хувьд анхаарал суларч, амны хаалтаа зүүхгүй байна гэсэн гомдол бидэнд ирсээр байна. Хоёр хөрш оронд тархалт ихсээд байгаа энэ үед анхаарлаа огт сулруулж болохгүй, хүн хоорондын зайгаа баримтлах, амны хаалтаа зүүх, гараа сайн угаах гэх мэт эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг дагах хэрэгтэй.