Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлыг хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй.
Өнөөдөр дахин нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эдгэрсэн хүн нь Батлан хамгаалахын сургуульд суралцдаг 19 настай оюутан бөгөөд 34 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс гарч байна.
Улсын хэмжээнд халдвартай нь батлагдсан 197 хүн байгаагийн 109 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д халдвартай 88 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 80 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна.
Коронавирусний халдвар авч, эмчлүүлж буй өвчтөнүүд дунд нэг хүүхэд, жирэмсэн гурван хүн, чихрийн шижин өвчтэй нэг хүн байна" гэв.