АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Орон нутгийн өмч дээр тулгуурласан иргэдийн оролцоотой аж ахуй нэгж хэр сайн ажилладаг вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд "Тавантолгой" ХК-ий үйл ажиллагаа дээр харсан байх. Хамгийн өндөр нэгж хувьцаанд ногдол ашиг тараадаг компани. Өнөөдөр Монгол Улсын ядуу тарчиг байгаагийн гол зүйл бол төрийн өмч дээр үүрлэсэн хулгай. ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замын хулгай гээд асар их хулгай байна. Дарга нар төрийн өмчит компаниудад цүнх баригчдаа тавьснаас үүдэлтэй хулгайнууд байна. 40 их наяд төгрөгийн хулгайг ярьж гарч ирсэн Засгийн газар өнөөдөр энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй нэгэндээ барьцаалагдаж байна. Ингэхдээ сөрөг хүчний нэг хүнийг барьцаалж байна.
Ардчилсан нам ч гэсэн энэ асуудалд хамаатай гэж хандаж байгаад харамсалтай байна. Ардчиллын гол үндсэн суурь бол цөөнхийн эрх ашгийг хангах. Цөөнхийн эрх ашгийн төлөөлөл бол сөрөг хүчин байдаг. Сөрөг хүчнээ намнана гэдэг бол Монгол Улс Ардчиллаас ухарч буй хамгийн том жишээ. Тиймээс бид цөөнхийн эрх ашгийг хамгаалах сөрөг хүчний хүнээ өгч явуулахгүй гэдгээ хэлье" гэлээ.