УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна. УИХ- дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулийн тухай хуулийг өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцүүлж гуравдах өдөр ЗГ-ын саналыг аваад УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байна.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах таван зүйлийг нэрлэе:
- Сонгуулийг холимог тогтолцоогоор хийхээр өргөн барина. 38/38 буюу 50 хувь нь мажоритар системээр, 50 хувь нь намын жагсаалтаар сонгоно. УИХ-д суудалтай намын бүлгүүд ч санал нэгдэж байгаа.
- Сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатай байна. Үүний хүрээнд зурагт самбар, шадар туслах зэргүүдийн тоог бууруулна.
- Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
- Улс төрийн намуудад босго тавина. Босгын хувийг гурван хувьд байлгана.
- Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувь байгаа бол 10 хувиар нэмнэ" гэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр гишүүдийн тоог нэмэх талаар тусгасан уу?
-Өнгөрсөн оны зургаадугаар сард ҮХЦ 01 Тоот тогтоол гаргасан. ҮХЦ-ийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Өмнө нь сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг хоёр гурван янзаар шийдэж явдаг байсан. Тийм учраас холимог тогтолцоо нээлттэй болсон. Өнөөдөр байгаа хуулийн хүрээнд гишүүдийн тоо 76 байна гэсэн учраас энэ хүрээнд өргөн барина. Намаар нэр дэвшиж байгаа хүмүүс нэрсийн жагсаалттай байна. Сонгогч саналаа өгөхдөө нам, нэр аль алиныг нь харна. Нэрийг нь харж сонголтоо хийх боломжийг бүрдүүлнэ.
-ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор өөрчлөлт оруулахыг хориглоно гэснийг та тайлбарлахдаа нэг жил хүртэлх хугацаанд гэж тайлбарлалаа?
-Нэг жил гэдгийг зургаан сарын 20-ноос өмнө л гэж ойлгох хэрэгтэй. Зургаан сарын 20-ноос хойш тийм эрхгүй болно.
-Бүрэн эрх нь түдгэлзүүлэх санал ирсэн гишүүдээ яах вэ?
-УИХ-ын даргын нэр дээр санал ирсэн. Энэ долоо хоногт багтааж шийднэ. МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээгүй.