“Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ дэргэдээ мөөг тариалах сургалтын төвийг нээж, анхны суралцагчид 40 кг мөөг хураан авлаа. Сургалтын төвийг "Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ГҮТББ-тай хамтран явуулж 25 иргэнийг нэг жилийн турш мөөг тарихад сургажээ.
Сургалтад хамрагдсан иргэд хус модноос ургадаг хясаан мөөгийг сүрлээр хөрс бэлдэх технологийн аргаар ургуулж анхны ургацаа хураан авч олон нийтэд ийнхүү танилцуулсан юм. Цаашид эдгээр 25 иргэн таримал мөөгийг орон нутагтаа кластер хэлбэрээр хөгжүүлж, брэнд бий болгохоор зорьж байгаа аж.
"Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ГҮТББ-ын гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал хэлэхдээ, “Агаар сэлгэлт, сайтай сэрүүн орчинд мөөг ургахад хамгийн тохиромжтой байдаг. Мөн хөрсөө бэлдэх нь чухал. Монгол Улсад хөгжөөд удаагүй байгаа энэхүү салбар Орхон аймгийн иргэдэд том боломж юм. Ялангуяа гэр бүлээрээ эрхлэхэд хамгийн тохиромжтой бизнес” гэв.
Мөөг нь хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй олон бодис агуулдаг. Уургийн өндөр агууламжтай учир малын махнаас дутахгүй шим тэжээлтэй. Дэлхийд хоёр сая гаруй зүйлийн мөөг ургадаг бол манай оронд 400 орчим төрлийн мөөг бий. Эдгээрийн 60 гаруй хувийг нь хүнсэнд хэрэглэх боломжтой юм.