Өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн “Бурхант-Өргөө” кино театр шатаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Тодруулбал, Тус өдрийн 19:30 цагт “Өргөө кино” театрт гал гарлаа гэх дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид ажилласан аж.
Алба хаагчдыг очиход кино театрын 4 дүгээр давхарын түрээслэгч Э-ын “Оскар” рестораны талбайд байрлах 8 ханатай үйлчилгээний гэр /караоке/ болон барилгын гадна хөөсөнцөр хана тус тус шатаж байсныг унтраахаар нийт 1 цаг 29 минут ажилласан бөгөөд тус өдрийн 21:03 цагт бүрэн унтрааж, гал түймрийн голомтоос нийт 129 иргэнийг аюулгүй гаргасан байна.
Тус кино театр олон улсын жишигт нийцсэн, 600 хүний суудалтай “Бурхант-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолбор нь дөрвөн танхимтай, танхим тус бүр 150 хүний суудалтай байна. Олон улсын жишигт нийцсэн интерьер дизайн, техник технологи бүхий нийт 7000 м2 талбайтай, найман давхар энэ цогцолборт автомат тоглоом, зочид буудал, супермаркет, зоогийн газар, банк зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх энтертайнмент цогцолбор юм.
Д.Дөлгөөн