Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Монголын анхны “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-д залуус хөдөлмөрт суралцахаар очиж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
16 минут 13 секунд

No description available.

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв, хөгжлийн төв, боловсролын төв зэрэг нэршлүүд олон нийтийн чихэнд танил. Учир нь эмэгтэйчүүд рүү чиглэсэн хувийн, төрийн, төрийн бус байгууллага манай улсад маш их. Бид тэгш эрх, тэгш боломж хэмээн ярьдаг ч эрчүүдийн гэх тодотголтой байгууллага таны санаж байгаагаар хэд байна вэ...

Тэгвэл эрэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах зорилготойгоор Монгол Улсын хамгийн анхны “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” ердөө жил гаруйн өмнө байгуулагджээ. Иймд Монголд “ганц” хэмээх тус төвийн үйл ажиллагаатай танилцахаар энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.

Оёдлын машин тачигнуулж цүнх, гутал бэлтгэх “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”. Тус төв нь кофе шоп, бүтээлийн хэсэг болон арьсан урлалын, оёдлын, зүү ороох өрөө, арьсан болон Монгол гутал хийх өрөөнөөс гадна сэтгэлзүйчийн өрөөтэй.

-Эрчүүд рүү чиглэсэн сургалт зарлахад 10 хүний нэг нь л эрэгтэй хүн байдаг-

No description available.

Харин хөгжлийн төвд ажиллах ажиллагсдад зааж, зөвлөх хүн бол “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн үүсгэн байгуулагч Д.Сувд-Эрдэнэ. Тэрбээр "Манай төв байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 500 гаруй гишүүнтэй болсон. Арьс, эсгий урлалаас гадна авто, цахилгаан, гагнуур, мужаан, барилгын дотоод засвар гэсэн жижиг бүлгүүдтэй. Томоохон барилгын дэлгүүр, автомашины засвар, барилга болон дотоод заслын бригадын залуус манай мэдээллийг хараад хамтарч ажиллахаар холбогдож ирдэг.

Манай төвийн эрчүүдийн оролцоо бага байдаг. Ихэнх эрчүүд маань барилга, уул уурхайн хүнд ажлуудыг эрхэлдэг. Сургалтад хамрагдаж байгаа эрчүүдийн хувьд тухайлсан хөдөлмөр эрхэлдэггүй, өрх толгойлсон аавуудаас гадна тэтгэврийн насны иргэд зонхилдог. Жишээлбэл, эрчүүд рүү чиглэсэн сургалт зарлахад ирэх 10 хүний нэг нь эрэгтэй. Үлдсэн нь эмэгтэй хүн ирдэг. Энэ мэт хүндрэлтэй талууд бий. Тиймээс эрчүүдийн оролцоог нэмэгдүүлье, сайжруулья гэсэн зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Манай “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн захирал өөрөө автомашины цахилгаанчнаар олон жил ажилласан туршлагатай хүн. Тиймдээ ч гар урлал, барилгын цахилгаан, автомашины цахилгаан, дугуй засвар зэрэг эрчүүд рүү чиглэсэн бүхий л сургалтыг явуулж байна. Мөн манай сургалтад хамрагдаж, мэргэшээд мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын байртай болсон 100 гаруй хүн бий. Түүнээс гадна ажлын санал ирэхэд сургалтад хамрагдсан иргэдтэйгээ холбож өгөх тохиолдлууд багагүй байдаг” хэмээсэн юм.

No description available.

Мөн эрэгтэйчүүдийн нийтлэг хайнга байдал өнөөдрийн нийгэмд ч байсаар буй. Эр хүн хэнэггүй, хээгүй нь дээр гэх үгнээс үүдэн эрүүл мэнд, эд мөнгөөр хохирох нь наад захын асуудал. Тэгвэл нийгэм дэх эрэгтэйчүүдтэй холбоотой сөрөг үзэгдэлийг хамтын оролцоогоор өөрчлөхөд хувь нэмрээ оруулж буй тус төвийн кофе шопын хэсэгт эрэгтэйчүүдэд эрүүл хооллолт, эрүүл хүнсний ач холбогдлыг талаар мэдээ мэдээллийг хүргэх сургалтыг ордог аж.

-“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-д дүүрэг харгалзахгүй хандаж болно-

Тус төвийн өдөр тутмын үйл ажиллагааг илүүтэй мэдэх “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн менежер Б.Баяржаргалаас төвийн талаар дараах мэдээллийг авлаа.

No description available.

-“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” СХД-ийн нутаг дэвсэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдэг утгаараа үйлчилгээ үзүүлэхдээ ч зөвхөн дүүргийнхээ иргэдийг хамруулдаг уу. Ер нь дүүрэг харгалзах уу?

-Манай төв нь өөрөө анхдагч хүйс харгалзахгүй тэгш хөгжлийг дэмжсэн байгууллага учраас дүүрэг харгалзахгүй үйлчилгээгээ явуулдаг. Манай төвийг мэдээд ирж буй хүмүүсийн хувьд ихэвчлэн СХД-ийн иргэд байдаг л даа. Дүүрэг хамаарахгүйгээр хол биш байна гээд ирвэл манай үүд хаалга нээлттэй. Сургалтад дүүрэг хамаарахгүйгээр ирж хамрагдах бүрэн боломжтой.

-Ирж буй иргэдийн хувьд аль насныхан зонхилж байна вэ?

-Зөвхөн зуны улиралд авч үзвэл залуу үеийнхэнд зориулсан сургалтуудыг ихээр зохион байгуулдаг. Залуусын хувьд анги хамт олноор, бүлгээр ирж туршлага судлах байдлаар арьсан урлал, эсгий урлал зэргийг сонирхож хийх явцтай нь танилцдаг. Ирж буй залуусын хувьд 25-аас дээш насныхан илүү их ирдэг. Үүнд суралцъя, суралцаад өрхийн орлогоо нэмэгдүүлье гэсэн зорилготой залуус ирж сургалт авдаг.

-Сургалт, семинарын хувьд баримталж буй чиглэл, үйл ажиллагааг танилцуулбал?

-Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үндсэн гол баримталж буй чиглэл нь эрэгтэйчүүдийн хөгжил, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр анхаарч сургалт, семинаруудаа тавьдаг. Мөн амжилттай яваа бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн бид заалаа ашиглан зөвхөн эрэгтэйчүүд гэхээсээ гадна хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн сургалтыг явуулдаг.

Жишээ нь өглөө 8-9 цагийн хооронд дасгал хөдөлгөөний хөтөлбөр манай төвд явагдаж байгаа. Үүнд эрэгтэй, эмэгтэй бүх насны иргэд хамрагдах, эрүүл байх бүрэн боломжтой. Энэ хөтөлбөрөөрөө бид эрүүл байхыг хүсэж буй хүн бүрт эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж байгаа гэсэн үг. Дасгал хөдөлгөөнөөс гадна давхар анхан шатны оношилгоог хийж, зөвлөгөө өгдөг. Тухайн хүнд дутагдаж буй илчлэг, эрдсийг тодорхойлон, өвчлөлөөс сэргийлэх тохиромжтой дасгал хөдөлгөөнийг санал болгон зөвлөгөө өгдөг гэж хэлж болно. Мэдээж дасгал хөдөлгөөнтэй хосолсон эрүүл хооллолтын зөвөлгөөг өгдөг. Нийт өвчлөлийн 80 хувь нь хооллолтоос үүдэлтэй. Хооллолт буруу байснаар өвчлөл үүсдэг.

Би өөрөө Филиппинд олон улсын удирдлагаар шим тэжээл судлалаар магистр хамгаалж байсан. Тиймээс эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, гэр бүл руу чиглэсэн эрүүл хооллолтын зөвлөгөө сургалтыг бие даан явуулдаг. Мөн тун удахгүй бүх насны иргэдэд зориулсан нийтийн бүжгийн үйл ажиллагааг явуулах гэж байна. Учир нь, хүн 50, 60 нас гараад ирэхээрээ өөрийгөө настай, хөгширсөн гэж боддог талтай. Тиймдээ ч хүмүүс үе мөчний өөрчлөлт, хөдөлгөөний дутаглалд маш ихээр орсон байдаг. Тиймээс бид хөдөлгөөний дутагдал болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэн өглөөний дасгал хөдөлгөөнийг, нийтийн бүжигтэй хослуулсан хөтөлбөр явуулахаар төлөвлөж байна. Ирэх долоо хоногт нийтийн бүжгийг эхлүүлнэ.

Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэсэн гэр бүлийн цогц сургалтыг явуулж байгаа юм. Хүүхдүүдэд чиглэсэн сургалтын хувьд бага анги, дунд анги, ахлах анги гэсэн насны ангилалтай явуулдаг. Бага ангийнханд хүүхдийн бие махбод болон сэтгэлгээн дээр суурилсан, дунд ангийнханд сэтгэлзүйн өөрчлөлт, мэдрэмжийн талаар, ахлах ангийнханд эрин зууны чиг хандлага, мэргэжил сонголтын тухай бүтэн өдрийн сургалт явагддаг.

-Дадлагажих, мэргэжил эзэмших сургалтуудад өрх толгойлсон аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хаягийн тодорхойлолтгүй гэр бүлүүдэд туслан ажиллаж байгаа талаар мэдээлэл байсан. Зорилтот бүлгийн иргэдэд туслалцаа үзүүлсэн нэг жишээг дурдаж болох уу?

-Зорилтот бүлгийн иргэд маань өөрсдөө тусламж авахаар зорьж ирэх тохиолдол маш цөөн байдаг. Манай төв нь өөрөө “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран ажилладаг. Мөн бидэнд хороо, дүүргүүдээс хамтран ажиллах хүсэлтийг явуулдаг. Энэхүү ажилд “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн захирал өөрөө бие даан оролцдог.

Нэг жишээ ярья. Өрх толгойлсон аав, дөрвөн хүүхдийн хамтаар амьдардаг. Хаягийн тодорхойлолтгүй бөгөөд төрсний гэрчилгээ, бичиг баримтгүй болчихсон байсан. Тэднийг харьяа хороо, дүүрэгт нь хандан бүртгэлжүүлээд, хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгт хамруулсан. Амьдрах орчин нь хэцүү учраас амьдрах гэрийг нь бий болгохоор төлөвлөсөн байна. Түүнээс гадна сургалтад хамрагдсан иргэдэд сертификат, мэргэжлийн үнэмлэхийг олгох хэмжээнд сургалт явуулж, бэлэн ажлын байранд зуучилж өгөх үйл ажиллагаануудыг давхар явуулдаг. Манай сургалтад хамрагдаад, төвдөө багшаар үлдэх бололцоо нь бий. Эхлээд гишүүнчлэлд хамрагдаад нэг чиглэлийг сонгон суралцаад, түүгээрээ чадваржиж төгсөөд, энд багшаар үлдсаэн тохиолдолд төв байгаа нэг төхөөрөмжийг өөрийн эзэмшил болгоод бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зарж борлуулах бүрэн боломжтой.

-Төвийн хувьд ашгийн төлөө бус иргэдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн байгууллага шүү дээ. Гэхдээ үйл ажиллагаа явуулж байгаа учраас тодорхой хэмжээгээр төсөв санхүү шаардлагатай байх. Сургалтын үнэ төлбөрийн хувьд мэдээлэл өгөөч?

-Манай байгууллагын хувьд үйл ажиллагаагаа гишүүнчлэлийн хэлбэрээр явуулдаг. Нэг удаа 25 мянган төргөг тушаагаад гишүүнчлэлд нэгддэг. Хэрэв нэг сургалтыг сонгон судлаад түүнийгээ бүрэн гүйцэд хийж чаддаг болтлоо дадлагажаад, мэргэжлийн үнэмлэхээ авахыг хүсвэл 100 мянган төгрөгөөр суралцах бүрэн боломжтой байдаг. Мэдээж төсөвлөсөн мөнгөний хэмжээ хэцүү шүү дээ. Тиймээс гадаад болон дотоодын байгууллагууд руу төсөл бичиж, төслөөр санхүүжилт авах шаардлагатай болдог.

-Саяхан оёдлын урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаагаар Өвөрмонголоос 100 дээлний захиалга хүлээн авсан гэж байсан. Ер нь бүтээгдэхүүний борлуулалтын талаар мэдээлэл өгвөл?

-Өнгөрсөн жил 6 удаа үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Бид хамгийн сүүлийн үзэсгэлэнгээрээ дуучдыг урьж оролцуулан, загварын шоу байдлаар зохион байгуулсан.

Бид энэ оны дөрөвдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Өвөрмонгол руу явахаар төлөвлөсөн. Тус өдрүүдэд 50 байгууллага очиж үйл ажиллагаагаа танилцуулсан үзэсгэлэн худалдаа явуулах юм.

Сая хэлсэн 100 дээлний захиалга нь тухайн үзэсгэлэнд зарагдах дээл гэж хэлж болно. Үзэсгэлэнг зохион байгуулж буй газраас нь бид нартай холбогдоод эмэгтэй хүүхдийн плате, эрэгтэй хүүхдийн хантааз хосолсон 100 дээлний захиалга өгсөн. Тиймээс бид энэ төвдөө урлаж бэлтгээд, захиалгын бүтээгдэхүүнээ бэлэн болохоор нь нийлүүлээд, борлуулчихдаг гэсэн үг.

Мөн Солонгос улсын зах зээл рүү манай төв дээр эсгийгээр хийдэг “Монт” брендийн нумтай улавчийг нийлүүлж эхэлсэн. Эсгийгээр хийсэн улавч нь органикт тооцогддог учраас хөлд чийг мэдрэгдүүлэлгүй, чийгээ доошоо татдаг онцлогтой. Нэгдүгээрт, хүүхдийн хөлийг хуурай байлгана. Хоёрдугаарт бөөрний үйл ажиллагааг хэвийн байлгана. Хүүхэд нумгүй улавч хэрэглэснээрээ буруу гишгэдэг, хөлний ясны гажигтай болчихдог. Түүнийг засах, урьдчилан сэргийлэх боломжтой эсгий нумтай улавчны бренд гадагш гарж байгаа юм. Цаашдаа ОХУ руу бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж ажиллаж байгаа.

-Цэргийн баярын хүрээнд “Эрчүүдийн хөгжлийн төв” дээр сургалт зохион байгуулсан гэсэн. Ямар сургалт болж өнгөрөв?

-Цэргийн баяраар бид 30 эрэгтэйг урин, гарааны бизнесийн талаар семинар, сургалтыг амжилттай явуулж өндөрлөсөн. Урьсан эрчүүддээ манай төвийн эмэгтэйчүүд өөрсдийн гараар хийсэн савхин бээлийг дурсгал болгон бэлэглэсэн. Үүнд хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс ч бас хүрэлцэн ирсэн. Гар урлал, гагнуур, барилгын чиглэлийн бизнесийн хүмүүс олноор ирж туршлага солилцон, хоорондоо танилцсан үйл ажиллагаа болсон" гэлээ.

-Жил гаруйн хугацаанд 30 гаруй хүнд арьсан эдлэл хийх арга барилыг зааж сургасан-

Энэхүү төвийг өрх толгойлсон аавууд болон тодорхой ажил эрхэлдэггүй иргэд зорих нь бий. Тэднийг хөдөлмөрт сургаж, ажил олгогчдод зуучлах нь тус төвийн нэг зорилт билээ. Иймд “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” нь тодорхой мэргэжлийн чиглэлээр сургалтыг орж, иргэдийг мэргэшүүлдэг. Ингэхдээ нийт 25 гаруй багшийг ажиллуулж байгаа юм.

No description available.

Тэдгээрийн нэг болох Арьс ширэн эдлэл урлалын багш С.Хишигдалай “Миний хувьд янз бүрийн ажил хийж байсан. Манай хамаатан арьсан урлалын бизнес эрхэлдэг, ширэн бүс хийдэг байсан. Анх арьсан урлалын зах зээл их хүчтэй байна чи хийгээд үз гэж зөвлөсөн. Удалгүй цар тахал гарч, гэртээ их цагийг өнгөрөөдөг болсон үедээ энэ салбарт орж, чөлөөт цагаараа хобби болгон цөөн тоогоор хийдэг болсон.

“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулагдсан цагаас хойш хамтран ажиллаж байна. Арьсан урлалын хичээл, сургалтыг явуулаад жил гаруйн хугацаанд 30 гаруй хүнд арьсан эдлэл хийх арга барилыг зааж сургасан байна. Манай гэр бүлийн бизнесийн хувьд “Ихэр Буян” арьсан урлалын брендтэй. Одоо өөрийн гэсэн загваруудтай болсон. Ажил хэрэгч болон спорт цүнхнүүд, түрүүвч, эрэгтэй, эмэгтэй тэлээг уралдаг. Нэмэлтээр захиалагчийн хүссэн цор ганц загварыг урладаг гэдгээрээ давуу талтай” хэмээсэн юм. Энэ мэтчилэн чиглэл бүрийн багш өөрийн гэсэн суралцагчидтай. Тэдгээрээс тодорхой нэг хэсэг нь гэр бүлийн хэрэгцээнд ур чадвараа ашиглаж байгаа бол үлдсэн хэсэг нь ажил олгогчидтой тохиролцон амжиргаагаа залгуулж буй.

No description available.

Ийн Монголын анхны гэх тодотголтой “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” байгуулагдаж, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт тавин ажиллаж буй энэ үед иргэдийн оролцоо нэн шаардлагатай. Гэвч иргэд төдийлөн хамрагдахгүй байгаа нь асуудал болж байгааг тус төвийн удирдлагууд хэлж байлаа. Иймд иргэд энэ боломжийг ашиглан тодорхой чиглэлээр мэргэших нөгөө талдаа ажил олгогч, үндэсний үйлдвэрлэгчид ч тус төвтэй хамтран ажиллах нь “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-д томоохон туслалцаа болохыг цохон тэмдэглье.

Д.Дөлгөөн

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гарсан галыг дотогш алдалгүй бүрэн унтраасан, хүн бэртэж гэмтээгүй
Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гарсан галыг дотогш алдалгүй бүрэн унтраасан, хүн бэртэж гэмтээгүй
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.