Өнөөдөр “Нарны баяр - Наурызын баяр” тохиож байна.
Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний “ноу” “нов” “нав” гэсэн авиа сэлгэх хувилбартай, “шинэ” “руз” (рыз) “өдөр” гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн “Наурыз” буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай. Тухайн баярыг нийтийн он тооллын өмнөх 4-7 дугаар зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл тэр цагаас хойш наурызын баярыг одоогийн Дундад Ази, Ойрх Дорнодын олон арван ард түмэн уламжлан авч нэг угийн ёс жаягаар нь, өөр өөрийнхөө ахуй амьдрал, аж ахуй, ёс заншилтай нягт холбогдуулан өргөн тэмдэглэж иржээ.
Монгол Улсын казах түмний талаар Үндэсний статистикийн хорооноос дараах тоо баримтыг гаргажээ.
Казах угсаатан нийт хүн амын 4 хувь эзэлдэг байна.
Мөн:
- 77.0 хувь нь Баян-Өлгий аймагт,
- 9.0 хувь нь Улаанбаатар хотод,
- 8.5 хувь нь Ховд аймагт,
- 2.2 хувь нь Дархан-Уул аймагт,
- үлдсэн 3.3 хувь нь бусад аймгуудад амьдарч байна.
Насны бүлгээр үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 34.5 хувийг эзэлж байгаа бол 45-54 насныхан 9.1 хувь буюу хамгийн бага хувийг эзэлж байна.