Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарын гишүүд танилцуулсан юм.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс Засгийн газрын таван сайдын төлөвлөгөөний биелэлт муу байгаа талаар асуудлыг хөндсөн юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газрын зүгээс салбар яамдуудад төлөвлөгөөний биелэлт хэрэгжилтийг муу биелүүлж байгаа хүмүүст хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа юу" хэмээн асуухад Ч.Хүрэлбаатар сайдын зүгээс "Төлөвлөгөөний биелэлт муу байгаа 5 сайдад ХАРИУЦЛАГА ТООЦОХ асуудал яригдаж байгаа гэдгийг хэлье" гэх хариултыг өгсөн юм.
Хуралдаанаар яригдсан эл асуудлыг ТББХ-ны дарга Н.Энхболд "Эцсийн дүндээ хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой. УИХ, байнгын хороо Ч.Хүрэлбаатар сайдын хэлснийг анхааралдаа авлаа" хэмээн онцолсон юм.
Ч.Хүрэлбаатар бол Засгийн газарт Шадар сайдын албан тушаалыг хашиж буй нэгэн. Энэ утгаараа Засгийн газарт Ерөнхий сайдын араас бичигдэх нэгэн ч гэж хэлж болно. Хариуцлага тооцох асуудал түүний амнаас зүгээр ч нэг унаагүй нь лавтай. Ямартай ч ойрын хугацаанд таван сайдад хариуцлага тооцох бололтой. Харин ямар хариуцлага яригдах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нөгөө талдаа төлөвлөгөөний биелэлт муу байгаа гэх таван сайд хэн, хэн бэ гэдэг ч анхаарал татаж байна.