Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ зун 200 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд


2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсвөөс 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм. 

2018 онд 202.000  өрх яндан зуух ашиглаж байсан бол 2019 онд 6 мянган өрх орон сууцанд орж, 30 мянга орчим өрх цахилгаанаар болон бусад эх үүсвэрээр халаалтаа шийдэж, 177 мянган өрх халаалтын зуухаар халаалтаа шийдээд байна. Эдгээр өрхүүд 2019-2020 онд 474 мянган тонн сайжруулсан түлшийг хэрэглэжээ.  Энэ нь 2018 онд хэрэглэж байсан түүхий нүүрснээс 2 дахин багассан үзүүлэлт юм.

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн.  Мөн Налайх дүүрэгт сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ажээ. Энэ зун 200 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцөлнө. Одоогийн байдлаар 30 мянга орчим тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна.

Нийслэлийн засаг даргын захирамжаар айл өрхийн болон дулааны станцын түлшний үнсийг 100 хувь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн үнсийг ангилж ялгах, тусад нь тээвэрлэх, барилгын материал үйлдвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн хоёр хороо, Сонгинохайрхан дүүргийн хоёр хороонд зохион байгуулж байна. Дулааны станцын үнсийг уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглахаар судалгааны ажил хийж байгаа ажээ. Мөн сайжруулсан түлшний үнсээр үнсэн үрэл хийж харгиа цэвэрлэх байгууламжийн бохир усыг шүүх туршилт хийжээ. Туршилтын үр дүн эерэг гарсан бөгөөд бохир усыг цэвэрлэх химийн хортой бодисуудыг 30-80 хувиар бууруулах боломжтой ажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ЖАГСААЛТ: Нам, эвсэл, нэр дэвшигчдийн албан ёсны цахим хуудсууд
ЖАГСААЛТ: Нам, эвсэл, нэр дэвшигчдийн албан ёсны цахим хуудсууд
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.