УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Энэ хуулийн анхны хэлэлцүүлэг нэгдсэн чуулганы хуралдаан руу орж ирсэн процессийг эцэст нь ийм нөхцөлд орох вий гэдгийг анхнаас нь хоёр гишүүн л сануулж байсан юм. Хууль санаачлах, батлуулах асуудалд УИХ-ын гишүүд өөрсдөө ч мөн анхаарах шаардлагатай.
Энэ хуулийг 48 цагийн дотор л баталчихсан. Ерөнхийлөгчийн хориг бол маш зөв. Энэ бол хууль батлах процесст маш том сургамж болсон. Хуулийн төсөлд сууж байгаа төрийн албан хаагч нар сайд дарга нартаа мэдээллээ сайн өгч баймаар байна.
Тэгэхгүй бол дарга нар нь амьгүй албат болж суусны нэг гор нь энэ. Энэ төрийн албан хаагчид ажлаа хиймээр байна. Зүгээр л фээлдүүлж, дарга сайд нараа эвгүй байдалд оруулж байна. Хуульд олон нийтийн санааг яаж тусгасан юм. Уг нь яг одоо яваад байгаа Зөвлөлдөх санал асуулга шиг зүйлийг хийх ёстой байсан. Гэтэл ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг огт тусгаагүй" хэмээлээ.