Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр ХБ-наас Голомт банкаар дамжуулан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслийн хүрээнд 3.7 тэрбум төгрөгийн зээл авсан "Гум" ХХК-ийн зээлийн мэдээлэлтэй танилцсан юм. Шинжээчийн танилцуулснаар эл компани нь нийт санхүүжилтийг огт ашиглаагүй бөгөөд сар бүрийн зээл, хүүгийн төлөлт хийж хугацааны эцэст зээл хаасан нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байна гэж үзсэн юм. "Гум" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Х.Гиймаа байх бөгөөд Гүйцэтгэх захирлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр ажилладаг аж.
Тухайн зээлийг олгох үед Х.Баттулга нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байжээ.