Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагт ковид-19 халдвар Бразилд 5 хувиар, ОХУ-д 2 хувиар, АНУ-д 1 хувиар нэмэгдсэн байна. Нас баралт Их британи, Италид 14 хувь, АНУ, Бразилд 6 хувьтай, Энэтхэгт 3 хувьтай байна.
Номхон далайн баруун бүс дэлхийн хүн амын 4/1-ийг эзэлдэг ч ковид халдварын тохиолдолын 3 хувь, нас баралтын 2 хүрэхгүй хувийг эзэлж байна. Одоогоор хүн амын дунд өргөн хүрээнд тархсан улс орон байхгүй байна.
Сингапур улсад халдварын тохиолдлын 90 хувь нь гадаадын ажилчдад бүртгэгдсэн байна. Нийт 37 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэнээс 24 нь нас барсан бөгөөд нас баралтын хувь харьцангуй бага 0,07 хувьтай байна. Япон, Солонгос, Малайзын орнуудад корона вирусний тохиолдлын тоо нэмэгдэж байна.
Ихэнх оронд хязгаарлах арга хэмжээг сулруулж, хүн амын бөөгнөрөл ихэсч байгаатай холбоотойгоор ирэх долоо хоногуудад халдварын тоо нэмэгдэх магадлалтай байна.
ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Б.Янжмаа: Дэлхийн хэмжээнд сүүлийн долоо хоногийн туршид батлагдсан тохиолдлын тоо өдөрт 100 мянга давсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт 24 цагийн дотор 130 мянган халдвар бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, Бразил, ОХУ, Их британи, Энэтхэг зэрэг улсууд тэргүүлж байна.Харин Африк тивд халдварын эрч өсөх хандлагатай байна.
АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургадугаар сарын 7-ны өдөр тус улсад 29 мянга гаруй шинэ тохиолдол, 709 нас баралт нэмж бүртгэгджээ. Нийт халдварын тохиолдол 1 сая 920 мянга гаруйд хүрснээс 110 мянга шахам хүн эндээд байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 7 хоногт тохиолдлын тоо өдөр бүр 100 мянга давсаар байна.
Б.Жаргалмаа