Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 7 сая 81 мянган хүн өвчилж, 405 мянган хүн нас барсан байна. Одоогоор 3.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 8984 хүн шинээр халдвар авсан байна. Монгол Улстай хил залгаа Тувад 118 тохиолдол, Эрхүүд 179 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Манай улсын хувьд өчигдөр 1 иргэн тусгаарлалтын байрнаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1224 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 39 иргэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 170 дуудлага ирж, коронавирусээс урьдчилсан сэргийлэх, зусланд гарахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авсан.
Шуурхай 119 аппликейшнд АНУ-аас нэг иргэн холбогдож коронавирусний эмнэлзүйн зөвлөгөөг авсан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 46 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 45 сорьцонд коронавирус илрээгүй.
Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд 1 жолоочийн сорьцонд коронавирус илэрлээ. Энэ хүн ОХУ-ын 38 настай иргэн байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 194 боллоо.Үүнээс 75 хүн эдгэрч гарсан.
ОХУ-ын иргэнийг Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-рүү авчрах ажлыг хийж байна. Одоо эмчилгээнд 119 иргэн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 155 хүн эмчилгээ, ажиглалтанд байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 103, хүндэвтэр 16 хүн байна.
Б.Жаргалмаа
МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСНИЙ 193 ТОХИОЛДОЛ ХЭРХЭН БҮРТГЭГДСЭН БЭ?
2020.03.10. Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс халдвар илэрч манай анхны тохиолдол болж бүртгэгдэв.
2020.03.16. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс халдвар илрэв.
2020.03.17. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илрэв.
2020.03.18. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусний халдвар илрэв.
2020.03.21. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс халдвар илрэв.
2020.03.26. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусний халдвар тохиолдол илэрч 11 дэх тохиолдол бүртгэгдэв.
2020.03.28. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
2020.04.01. Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрчээ.
2020.04.06. ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илрэв.
2020.04.08. Алтанбулагийн хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
2020.04.13. 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.
2020.04.14. Дөрөвдүгээр сарын 13-нд ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
2020.04.16. ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
2020.04.19. ОХУ-аас ирж тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
2020.04.20. ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрэв.
2020.04.21. Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.22. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн эхнэрт халдвар илрэв.
2020.04.24. ОХУ-аас ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан оюутны гурав дахь шинжилгээнд коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдэв
2020.04.25. Москва хотод суралцдаг оюутанд халдвар илэрч 37 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.26. Мөн Москва хотод суралцдаг оюутны гурав дахь шинжилгээнд халдвар илрэв.
2020.05.02. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илрэв.
2020.05.04. Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
2020.05.05. Франкфуртээс тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдэв.
2020.05.05. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 42 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.14. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс халдвар илрэв.
2020.05.14. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 18 оюутанд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 61 болов.
2020.05.14. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн оюутнуудын үдээс хойшхи шинжилгээгээр 37 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 98 боллоо.
2020.05.16. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн 197 хүнд шинжилгээ хийхэд шинжилгээ хийхэд 37-д нь халдвар илэрч, тохиолдлын тоо 135 боллоо.
2020.05.17. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг оюутны давтан шинжилгээнд халдвар илэрч, тохиолдлын тоо 136 болов.
2020.05.18. Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.22. ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс халдвар илэрч, 141 дэх тохиолдол бүртгэгдэв.
2020.05.18. Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан зургаан оюутан, тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан батлан хамгаалахын сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд илэрч тохиолдлын тоо 148 болов.
2020.05.22. ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусний халдвар илэрч, тохиолдлын тоо 141 боллоо.
2020.05.27. Долоон хүнд халдвар илрэв.
2020.05.28. ОХУ-аас ирсэн 13 хүнд коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо.
2020.05.29. Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнд коронавирусний халдвар илэрч, тохиолдлын тоо 179 болов.
2020.06.01. ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнд коронавирус илэрч, 185 боллоо.
2020.06.04. Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
2020.06.05. Таван хүнд коронавирусний халдвар илрэв. Дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч байв.
2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 193 болов.