Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРЭЭДҮЙН СЭТГҮҮЛЧ Д.ДӨЛГӨӨН: Сэтгүүлч болохын тулд хамгийн чухал нь “ХҮН“ байх ёстой

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 22 секунд

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 06-ны өдөр "Шинэ толь хэмээх бичиг" сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь өнөөдрийн сэтгүүлзүйн салбарын үндэс суурийг тавьсан билээ. Эл өдрөөс хойш Монгол Улсад олон шилдэг сэтгүүлч төрөн гарч, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нээгдсэн байдаг.

Тэгвэл ирээдүйд шилдэг сэтгүүлч болохоор бэлтгэгдэж буй МУБИС-ийн Сэтгүүлзүйн гуравдугаар курсийн оюутан Д.Дөлгөөнтэй Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн энэ өдөрт зориулан сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгох болсон, ирээдүйд ямар сэтгүүлч болохыг хүсдэг мөн өнөөгийн хэвлэл мэдээллийн салбар оюутан залуусын нүдэнд хэрхэн харагддаг талаар багахан хором ярилцаж, түүний нэг өдөртэй хамт байлаа.

МУБИС, Сэтгүүлзүйн тэнхим

МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимээс олон шилдэг сэтгүүлч төрөн гарсан байдаг. Д.Дөлгөөний хувьд ч тэр сэтгүүлч мэргэжлийг сонгож, энэхүү сургуульд суралцаж буй аж. Өдгөө гуравдугаар курсийн оюутан тэрбээр, багадаа ээжийнхээ авч ирж өгсөн сэтгүүлийг уншиж, сэтгүүл дээр буй мэдээ нийтлэлийг ямар хүн бичдэг бол хэмээн ихээхэн сонирхдог байсан гэнэ. Тийм ч учраас сэтгүүлзүйн салбарыг сонгож, сэтгүүлч мэргэжлийг эзэмших мөрөөдөл тээсэн аж.

Биднийг МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимд очиход Д.Дөлгөөн мэргэжлийнхээ хичээлд сууж байсан юм. Өдөр бүр өөр, өөр цагийн хуваарьтай байдаг ч найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, түүнийхээ хажуугаар мэргэжлийнхээ ном, сурах бичгийг илүүтэй уншдаг байна. Ийнхүү түүнээс яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болсон талаар ярилцсан юм.

Бага байхдаа сэтгүүл их уншдаг байсан. Дээрх мэдээ, нийтлэлийг ямар хүн бичдэг бол гэж их боддог байсан учраас сэтгүүлч болохыг хүсдэг болсон

Тэрбээр "Анх их сургуулийн оюутан болоход миний огт мэдэхгүй ертөнц намайг хүлээж авч байсан. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа анги хамт олноо сайн мэдэхгүй, ангийнхаа багшийг ч сайн танихгүй зөвхөн ерөнхий эрдмийн хичээлээ үздэг байлаа. Харин хоёрдугаар курст ороод сэтгүүлчийн мэргэжлийг ингэж эзэмшдэг юм байна. Би хамт олонтой юм байна. Бие биенээ тусалж дэмждэг юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Түүнээс хойш "гэрэл" нээгдсэн гэх юм уу.

Бага байхдаа гэртээ их цагийг өнгөрөөдөг хүүхэд байлаа. Ээж маань надад долоо хоногийн сэтгүүл байнга авч ирж өгдөг, түүн дээрх үгийн сүлжээг бөглөөд, мэдээ, нийтлэлийг нь уншаад ямар хүн үүнийг бичсэн юм бол гэж их боддог байсан юм. Мөн ахлах ангид ороход багш маань ямар мэргэжил сонгох вэ гэдэг асуулга асуухад нь сэтгүүлч болно гэж эцэслэн шийдээгүй байсан ч гэсэн яагаад ч юм СЭТГҮҮЛЧ гээд биччихсэн. Ингээд ЭЕШ-аа өгөөд оноо маань хүрсэн тул сэтгүүлчээр сурахаар болсон.

Харин хамгийн анх МУБИС-ийн хаалгаар орж ирээд маш их сүрдэж байлаа. Арван жилийн сургуулиуд нэгэн хэвийн байдаг шүү дээ. Гэтэл их сургууль огт өөр байсан. Гайхсан, алмайрсан бас өөрийгөө сэхээтэн мэт мэдрэмжийг авч байсан юм. Дээд боловсрол эзэмшинэ гэдэг маань маш нэр хүндийн асуудал учраас сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаадаа бахархалтай байдаг.

Мөн хүүхэд байхдаа сэтгүүлч С.Чимгээ болон UBS телевизийн нэвтрүүлэгч, дуу оруулагч Г.Оюунцэцэг эгч нарыг хараад маш их үлгэр дуурайлал авч, биширдэг байлаа. Намайг багад Дэ Жангум кино их гардаг бас үзэж байхад нэг л танил хоолой сонстдог байсан. Гэтэл тэр нь нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг байсан юм билээ. Гэхдээ нэг хүн гэдгийг нь маш сүүлд мэдсэн л дээ.

Тэр ч утгаараа багш нар маань сэтгүүлчийн мэргэжлийг хөрвөх чадвар сайтай гэж хэлдэг. "Өөр мэргэжлийг сонголоо гэхэд үндэс суурь нь сэтгүүлч байдаг. Ярианы чадвар, бичгийн чадварыг сайн сурч чадвал ямар ч мэргэжил рүү хөрвөж болно" гэж хэлдэг. Тиймдээ ч Г.Оюунцэцэг нэвтрүүлэгч дуу оруулгыг хүртэл чадварлаг хийдэг байх " гэв.

Сэтгүүлчийн мэргэжлийг сонгон суралцаж буй ихэнх оюутан, залуус уран зохиол сонирхдог, шүлэг бичих ур чадвартай байдаг. Тэр ч утгаараа Д.Дөлгөөний хувьд ч мөн шүлэг, уран зохиолд дуртай гэнэ.

Сэтгүүлч хүн маш соргог байдаг

"ЕБС-ийн сургуулийн сурагч байхдаа шүлэг, эсээ бичих дуртай байсан юм. Тиймээс сэтгүүлзүйн бичвэрүүдийг эсээ, шүлэг бичиж байгаа мэт бичих боломжтой гэж ойлгодог байсан. Гэтэл багш нар маань сэтгүүлзүйн бичвэр хийгээд уран зохиолын бичвэр нь хоорондоо өөр гэдгийг хамгийн эхэнд ойлгуулж өгдөг юм билээ.

Учир нь мэдээ гэдэг бол загварт бичлэгийн төрөл, өөрийн гэсэн стандарттай байдаг. Тиймд ч шүлэг, уран зохиолд ихэвчлэн ашигладаг уран дүрслэлийг, мэдээ, ярилцлагад төдийлөн ашиглаад байдаггүй. Харин сурвалжилгад ихэвчлэн ашигладаг. Ингэхдээ иргэд, олон нийт тэрхүү бичвэрийг уншихад нүдэнд харагдахуйц мөн ойлгомжтой, энгийн үг хэллэг ашиглах, дүрслэлийг зөв үедээ зохимжтой хэсэгтээ ашиглах нь зүйтэй байдаг.

Түүнээс гадна сэтгүүлч хүн маш соргог болчихдог юм билээ. Хаана ямар үйл явдал болж байна, нийгэм цаг үеийн нөхцөл байдал хэр байна гээд бүгдийг сонирхдог, мэддэг болчихдог юм билээ. Мөн байгалийн өнгө үзэмж, хүмүүсийн амьдралыг хараад дүрслэх чадвартай болдог санагдсан. Тийм ч учраас миний хувьд энэхүү чадварт суралцаад явж байна" гэв.

МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш нар мэргэжлийн ур чадвар сайтай, хэвлэл мэдээллийн салбарт чадварлаг оюутан залуусыг бэлтгэн гаргадаг. Тэр ч утгаараа Д.Дөлгөөний хувьд багш нарынхаа заавар зөвлөгөө, мэргэжлийн ур чадвар хийгээд ёс зүйн талаар зааж сургаж буй бүхий л үг, үйлдлийг нь ягштал тогтоодог тухайгаа ч ярьсан юм.

Сэтгүүлч байхын тулд ХҮН байх ёстой. Тэр ч утгаараа сэтгүүлч хүн хүнлэг, ёсзүйтэй байх хэрэгтэй

"Багш нар маань хамгийн түрүүнд "Сэтгүүлч байхын тулд ХҮН байх ёстой" гэдгийг зааж сургадаг. Хүнлэг, ёс зүйтэй байх ёстой. "Чи ямар ч хүнээс мэдээ, ярилцлага авч болно. Өнөөдөр ерөнхийлөгчтэй ярилцаж байхад маргааш гудамжинд байгаа иргэнээс яриа авч магадгүй. Тиймээс чи хэнтэй ч ярилцсан ямар ч хүнээс ярилцлага авсан хүнлэг байх, тэнцвэртэй мэдээллийг хүргэх ёстой" гэдгийг яс маханд шингэтэл ойлгуулж өгдөг.

Гэхдээ сэтгүүлчээр суралцаж буй оюутны өмнөөс нийгмийг тэр дундаа олон нийтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн ханддаг вэ гэдгийг нь харахад тийм ч их итгэхээ больчихсон, үнэлэмж муутай мэт санагддаг. Магадгүй энэ нь хуурамч мэдээллийн сайт, хуурамч мэдээ нийтлэл түгээдэг аккаунт бас бусад хүчин зүйлсээс хамаарсан байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ манай бүхий л сэтгүүлчид үнэн бодит мэдээллийг, түргэн шуурхай хүргэхийг зорьдог нь үнэн.

Магадгүй яг одоо сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа, суралцахаар төлөвлөж буй оюутан залуус маань мэргэжлийн ёс зүйгээ баримталдаг мөн мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн чиг үүргээ баримталж, улам илүү чадварлаг болж, үүрэг зарчмаа илүүтэй мөрддөг болоод эхэлвэл иргэд ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэг болох байх гэж бодож байна" гэлээ.

Тэрбээр дадлага хийх хугацаандаа ёс зүйтэй байхыг эрхэмлэж байсан тухайгаа ч ярив. Мөн хамгийн анхны мэдээгээ бичээд дадлагынхаа сайтад нийтлүүлээд өөрөөрөө бахархсан тухайгаа ч инээмсэглэн ярьсан юм.

Хамгийн анхны мэдээгээ нийтлүүлээд өөрөөрөө бахархсан

"Их дээд сургуулиудад суралцаж буй бүхий л оюутан залуус уртын дадлагад гардаг шүү дээ. Миний хувьд ч гэсэн хэвлэл мэдээллийн сайтад дадлага хийсэн. Дадлага хийх хугацаандаа хамгийн эхний мэдээгээ бэлтгээд, өөрөө найруулж бичээд, редактортоо хянуулаад сайтад байршаад, доор нь миний нэр бичигдсэн байхыг хараад мөн мэдээ маань үүрд хадгалагдаад үлдэнэ гэж бодох төдийд бахархууштай санагдаж байсан. Тэр ч утгаараа аав, ээждээ мэдээгээ үзүүлээд, уншуулахад өөрөөрөө маш их бахархаж байсан.

Магадгүй их сургуулиа төгсөөд аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонго гэвэл би сайтыг сонгох байх. Учир нь би сайтад дадлага хийх хугацаандаа өөрийгөө олж, таньж мэдсэн. Бичгийн чадвар, хэл ярианы чадвар, хурдтай байх чадваруудыг бүгдийг нь цогцлоож чаддаг учраас сайтыг надад илүү тохирсон гэж ойлгож байгаа" хэмээлээ.

Эцэст нь ирээдүйн сэтгүүлч Д.Дөлгөөн ямар сэтгүүлч болохыг хүсдэг тухайгаа хэлэхдээ, "Сэтгүүлчийнхээ хувьд хүнлэг, ёс зүйтэй, иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг мэдээлэл сайтай, чадварлаг сэтгүүлч болохыг хүсдэг. Тийм ч учраас бага багаар суралцаад явж байна.

Өмнө нь өөрийгөө сэтгүүлч болох ямар ч өгөгдөл байхгүй гэж боддог байсан. Ярихдаа муу, камераас айдаг. Гэхдээ дотор маань сэтгүүлч болох гал байсан учраас энэхүү мэргэжлийг сонгоод, суралцаж байгаа. Тиймээс сэтгүүлч мэргэжлийг сонгох гэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд "Зүгээр л оролдоод үз. Зөвхөн 1 хувийн авьяас байхад 99 хувийн хичээл зүтгэл л хангалттай. Үүнийг багш нар нь зааж өгнө, дадлагад гараад ойлгоно. Тиймээс зүгээр л хичээгээд үз, оролдоод үз" гэж хэлмээр байна" гэсэн юм.

Бид нэг өдрийг сэтгүүлчээр суралцаж буй гуравдугаар курсийн оюутан Д.Дөлгөөнтэй хамт өнгөрүүллээ. Хүүхэд насны дурсамж хийгээд сэтгүүлчийн мэргэжлийн үнэ цэнд хэрхэн санаа зовинож буй талаар ч ярилцсан юм. Үнэхээр л түүний хэлснээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйн өндөр мэдрэмжтэй, хариуцлагатай мэргэжлийн чиг үүргээ улам илүү баримталж чадвал мөн шилдэг сэтгүүлчид олноор гарч ирсэн хойно олон нийт ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл үнэмшилтэй болох биз ээ.

ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан: “Алтан тариа“ компани хэрэглэгчийг хохироосон зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, үнээ үндэслэлгүй нэмсэн бол дахиад арга хэмжээ авна
ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан: “Алтан тариа“ компани хэрэглэгчийг хохироосон зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, үнээ үндэслэлгүй нэмсэн бол дахиад арга хэмжээ авна
 
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.