Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ цагийн “баатар” эмч сувилагчид Жорж Флойдын жагсаалд нэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 3 секунд

Эрүүл мэндийн ажилчин, сувилагч нар 2020 оны зургаадугаар сарын 4-ны өдөр Нью Йорк хотын Беллевю эмнэлэгийн урд өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах жагсаалд оролцож буй нь. Зургийн эх сурвалж: AFP

Түлхүүр мэдээлэл:

  • Нью-Йорк хотын 100 гаруй эмнэлгийн ажилтнууд Жорж Флойдын эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.
  • Тэд эрүүл мэндийн салбарт арьс өнгөний ялгаварлалт байх ёсгүй гэдгийг сануулж жагссан байна.
  • Эмч сувилагчид, цагдаагаар хүзүүн дээрээ өвдөглүүлж нас барсан Флойдыг дурсаж, 8 минут дуугаа хураан, өвдөглөж суужээ.

Дэлхийг нөмөрсөн цар тахалтай тэмцэж, энэ цагийн баатрууд хэмээн алдаршаад буй эмч, сувилагчид арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын эсрэг Жорж Флойдын эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.

Тодруулбал, Нью-Йорк хотын 100 гаруй эмнэлгийн ажилчид өчигдөр амны хаалт болон бусад хамгаалах хэрэгсэлтэйгээр жагсаж, түр хугацааны ажил хаялт зарласан байна. Ингэхдээ тэд “эрүүл мэндийн салбарт арьс өнгөний ялгаварлан гадуурхалт байх ёсгүй” гэдгийг онцгойлон сануулж, Манхэттений Беллевю эмнэлэгээс гаран, богино хугацааны жагсаал хийн алхжээ.

Жагсаалд оролцож буй эмч, сувилагчид “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүр авах эрхтэй. Гэтэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт нь өвчтөнүүдийн маань амь насанд заналхийлж байна” гэх бичиг бүхий самбар өргөн, 8 минут  46 секундын турш дуугаа хурааж, газар өвдөглөн суужээ. Учир нь Миннеаполисын цагдаа удаан хугацааны турш Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөж, амьсгалыг нь боон амь насыг нь хохироосон билээ.

Нью-Йоркийн зургаан эмнэлгийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Беллевюгийн түргэн тусламжийн эмч Камини Добай:

“Бид бүх ард иргэдэд үйлчилнэ гэж тангараг өнгөрсөн. Мөн бид нийгмийн эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн. Гэтэл цагдаа нарын харгислал, хүчирхийлэл нь нийгмийн эрүүл мэндэд заналхийлж байна” хэмээн хэлсэн байна.

Мөн өнгөт арьст сувилагч Билли Жан олон нийтэд хандан:

“Эрүүл мэндийн салбар Ковид-19-ийн эсрэг  тэмцэж байгаа. Харин миний хувьд арьс өнгөний вирусний эсрэг тэмцэж байна” гэжээ.

Түүнчлэн Нью-Йорк хотын 21,000 орчим иргэний амь насанд хүрээд байгаа коронавирусний тархалт Африк гаралтай америкчууд зэрэг үндэстний цөөнхөд хүндээр нөлөөлж байна. Албан ёсны мэдээллээр АНУ-ын хэмжээнд хар арьст хүмүүс нийт хүн амын ердөө 13.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд нас барсан хүмүүсийн 23% нь хар арьст хүмүүс байдаг аж. 

Зургийн эх сурвалж: AFP

Өнгөт арьстнуудын нийгэмлэгийн мэдээлж буйгаар Нью Йоркт Ковид-19-өөр нас барсан өнгөт арьстнуудын тоо цагаан арьстнуудаас даруй 2 дахин их байгаа аж.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дутмаг байгаа нь нийгмийн доод бүлгийн хүмүүс чинээлэг иргэдийг бодвол эмчилгээнд хамрагдах боломж хомс болоход хүргэж байна гэжээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнгөрсөн мягмар гарагт “Mount Sina” эмнэлгийн олон арван эмч сувилагч гудамжинд гарч, тавдугаар  өргөн чөлөөнд жагсаж буй эсэргүүцэгчдэд баяр хүргэн алга ташсан байна. Энэхүү аянтай төстэй эсэргүүцлийг Нью Йорк болон бусад мужийн эмнэлэг тэр дундаа Техасын Эрүүл мэндийн төв Хьюстон, Вашингтоны Харвардын Их Сургуулийн  эмнэлэгийн гадаа тус тус хийж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Б.Болормаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.