Санхүүгийн зах зээлд эргэлдэж байгаа виртуал хөрөнгийн сул тал болоод хуримтлалын үр өгөөж сэдвээр эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
"Койныг хувьцаа гэж андуурдаг. Гэтэл койн бодит бус хийсвэр зүйл"
-Сүүлийн үед иргэд богино хугацаанд санхүүгээ өсгөх зорилготойгоор баталгаагүй буюу бүрэн судлагдаагүй койн, биткойн, токен зэргийг сонирхож өөрт байгаа хөрөнгөөрөө дэнчин тавьж алдаж байна шүү дээ. Тэгвэл эдийн засагч хүний хувьд хамгийн эрсдэл багатай, баталгаатай хөрөнгийн оновчтой хэлбэрийг юу гэж тайлбарлах вэ?
-Иргэд койныг хувьцаатай их андуурч байна. Хувьцаа гэдэг нь товчхондоо таныг аливаа нэг компанийн эзэн гэдгийг баталж байгаа нэг хэлбэр. Тэгвэл тэр компани гээд байгаа нь өөрийн гэсэн тодорхой зорилготой, үйл ажиллагаатай, олон арван хүн ажилладаг бодитой бизнесийг хэлээд байгаа юм. Харин койн гэдгийн цаана баталгаатай компани гэж байдаггүй. Илүү хийсвэр зүйл гэсэн үг. Тиймээс эндээс койн, хувьцаа хоёрын ялгааг олж харах нь зүйтэй. Нөгөө талаас иргэд аливаа нэг зүйлд хөрөнгө оруулалт хийхдээ ямар хуулийн зохицуулалттай юм, баталгаатай юу гэдгийг заавал судлах ёстой. Ер нь мөнгө гэнэт бий болдоггүй л байхгүй юу.
"Дэлхийд хамгийн сайн хуримтлуулж чаддаг хүмүүс бол Хятад болон Еврейчүүд.Тэд орлогынхоо тогтмол 35 хувийг хадгалдаг"
-Мөнгө хуримтлуулах олон арга байгаагаас хамгийн баталгаатай нь банканд хадгалуулах хэлбэр гэж ихэнх хүмүүс ойлгодог. Банканд мөнгө хадгалуулж хүүгээс ашиг олох, биржээс хувьцаа аваад үр өгөөж хүртэх хоёрын аль л илүү ашигтай вэ?
-Хуримтлал гэдэг бол тухайн хүмүүсийн амьжиргааны байдлаас үл хамаараад байгаа орлогынхоо өчүүхэн хувийг л хуримтлуулах тухай ойлголт юм. Үүнд та хэдэн төгрөгийн орлоготой байх нь хамаагүй. 500 мянган төгрөгийн орлоготой байсан ч санхүүгийн хэрэгцээнд хүчтэй нөлөөлөхөөргүй бага хэсгийг нь хуримтлуулахаас л ирээдүйн санхүүгийн баталгааны эхлэл тавигдана. Тухайлбал, дэлхийд хамгийн сайн хуримтлал хийдэг хүмүүс бол Хятад болон Еврейчүүд. Тэд орлогынхоо 35 орчим хувийг хуримтлуулдаг. Мэдээж бид ийм хэмжээгээр хуримтлуулж чадахгүй ч гэсэн дэлхийн жишгийг дагаад үүн рүү дөхүүлэх л хэрэгтэй.
Ер нь яагаад бид хуримтлал хийх шаардлагатай юм. Бид дэлхийн жишгээс яагаад хоцорч явна вэ гэж бодвол хуримтлал гэдэг нь өөрөө "ирээдүй". Бидэнд олон талын зорилго, мөрөөдөл байдаг. Тэр бүрд баталгаа байж байх ёстой. Амьдралд ямар ч асуудал тохиолдож болох учраас тэр бүх эрсдэлийг хөнгөн даван туулах боломжийг өнөөдрийн хийсэн хуримтлал тэр үед өгдөг.
Гэтэл иргэд муу зүйл болоогүй байхад л сүсэглээд байдаг. Тийм зүйл ярьдаггүй юм, аажимдаа бүтнэ дээ гээд л. Гэтэл бодит байдал дээр тийм биш шүү дээ. Аажимдаа бүтдэг зүйл гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ аажимдаа байж байгаад илүү том эрсдэл тулгарах нь бий. Тиймээс аливаа эрсдэлд бэлэн байж тодорхой хэсэг хөрөнгөө нөөцөлдөг, хуримтлуулдаг байх нь чухал юм.
Ядаж л хүүхдийнхээ сургалтын төлбөрт санаа зовохгүй байх, тэтгэвэрт гарлаа гэхэд яах билээ, өрхийн орлого багасвал яах билээ, гэнэт хөдөлмөрийн чадвараа алдчихвал яах билээ гэдэг асуудлыг эргэцүүлэх нь чухал. Хуримтлалын нэг гол зүйл нь хийх тусам өсдөг онцлогтой.
-Хуримтлалын үр өгөөж илүү бодитой ч эрсдэлүүд нь юу байж болох вэ?
-Монголд сүүлийн 15 жилд инфляц буюу өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ дунджаар 7 хувьтай байсан байна. Валютын ханшийг авч үзвэл ам.доллар төгрөгийн эсрэг 6 хувь чангарч байсан. Тэгэхээр бид үргэлж инфляцын урд алхахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол бидний хадгалсан мөнгө үнэгүйдэх эрсдэлтэй. Энэ талаас нь үр өгөөжийг харах ёстой. Хуримтлал өөрөө 20-30 жилийн турш хүртэх үр өгөөжийн асуудал. Гэтэл эрсдэл талаас нь бодох болбол ямар хэлбэрээр хуримтлалыг үүсгэж байгаагаас шууд хамаарна.
Нэг банканд мөнгөө хадгалуулчихсан байсан чинь тэр нь дампуурчихвал яах вэ. Ийм гашуун туршлага манай улсад бий. Тэгэхээр санхүүгийн зах зээл дээр хамгийн шилдэг эрсдэлийн удирдлага нь "тархаан байршуулах" байдаг. Тиймээс иргэд хуримтлалыг тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан хоёр дээр үүсгэж байна. Олон арван бонд, банкны хувьцааг хийж өгч байдаг.
Жишээ нь би 10 төгрөг хуримтлууллаа гэхэд үүнээс 10 мөнгө нь нэг бонд руу, 20 мөнгө нь өөр нэг бонд руу, 30 мөнгө нь банк руу гэх мэт тардаг учраас тухайн хүний олон жилийн үр өгөөжийг хүртэх хуримтлал учраас илүү эрсдэл багатай болчихдог. Тэгэхээр иргэд цахим программ дээр суурилсан хийсвэр зүйл рүү хөрөнгө оруулахаас зайлсхийж хувьцааны зах зээлийг судлах нь илүү баталгаатай гэдгийг хэлэх байна.
"Тэтгэврийн сан халамжийн системийн гажуудалд орчихоод байхад л улстөрчид тэтгэвэр нэмэгдүүлнэ гэж ПОПУЛИЗМ хийдэг"
-Монгол Улсад яг өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжгүй шүү дээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын сан жил тутам 500 тэрбум төгрөгийн алдагдалтай явж ирсэн. Халамжийн системээс хуримтлалын систем рүү шилжих хамгийн оновчтой арга бол системийн шинэчлэл хийх, хуулиа сайжруулах гэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Дэлхий дээрх хамгийн төгс системийг хэрэгжүүлдэг улс бол Нидерланд юм. Нидерландын тэтгэврийн системийг харахад үндсэн гурван тулгуурт тогтолцоог хэрэгжүүлдэг. Суурь тогтолцоо нь ажил хийж байгаа нийт иргэдээсээ тодорхой хураамж аваад тэтгэврийн насныхандаа шууд түүнийг нь тараадаг. Энэ ямар зорилготой бодлого вэ гэхээр Нидерландын иргэд "өлсөж үхэх ёсгүй" гэсэн агуулга. Товчхондоо халамжийн тэтгэвэр юм.
Хоёр дахь тогтолцоо нь ажил хийж байгаа хүмүүс тэтгэврийн сандаа мөнгө хуримтлуулдаг. Өндөр орлоготой байсан хүмүүс өндөр хуримтлалтай болдог. Бага орлоготой байсан нь бага хуримтлалтай болдог. Тухайн хуримтлал нь олон жилийн туршид өсөж үржээд гавьяаны амралтдаа гарахад ядуусын эгнээ рүү шилжихгүй байх амьдралын баталгааг өгч байдгаараа давуу талтай.
Гурав дахь тогтолцоо нь сайн дураараа хуримтлуулах. Тэтгэврийн сандаа хуримтлуулахаас гадна нэмэлтээр хуримтлал үүсгэх сайн дурын хэлбэр гэсэн үг. Ийм гурван тулгуурт тогтолцоог ашигладаг юм билээ.
Гэтэл Монголд дээд хоёр тогтолцоо байдаггүй. Зөвхөн суурь тогтолцоо буюу халамжийн систем л үйлчилдэг. Одоо ажил хийж байгаа хүмүүсээс НДШ хэлбэрээр мөнгө авч ахмадуудад тэтгэвэр хэлбэрээр тараадаг. Гэтэл олон тулгуурт тогтолцоо байхгүй учраас тухайн халамжийн мөнгө амьжиргааны наад захын л хэрэгцээг хангах болдог. Сайхан амьдарч хүрэлцэхгүй шүү дээ.
Ингээд энэ байдал дээр дөрөөлж улстөрчид "популизм" хийдэг. Тэтгэврийг нэмэгдүүлнэ гэдэг. Гэтэл яаж нэмэгдүүлэх арга зам нь тодорхой бус. Нэг бол татаасаар өсгөнө. Үгүй бол ажил хийж байгаа хүмүүсээс илүү их шимтгэл авч өсгөхөөс өөр аргагүй. Ийм төвөгтэй байдлыг даамжруулах нь оновчгүй санаа гэж хэлмээр байна.
Харин Монголд юу хэрэгтэй байна вэ гэхээр тэтгэврийн хуримтлалын системийг л бий болгох шаардлагатай. Мэдээж бидэнд суурь тогтолцоо байна. Халамжийн тэтгэврийг зорилтот хэсэгт өгөөд байж болж байна. Үүн дээр нэмээд хуримтлалын схемийг бий болгож өгөх нь чухал. Цаашлаад боломжтой гэж үзвэл хүн сайн дураараа хуримтлуулах боломжийг нь нээж өгөх нь зөв. Тухайлбал, Нидерланд улс л гэхэд сайн дураараа хуримтлал үүсгэж байгаа тохиолдолд татвар авдаггүй.
Харин тэтгэврийн хуримтлалыг бүх нийтээрээ заавал хийхийг хуульдаа хатуу тусгаж өгсөн байдаг. Ингэж төр нь иргэдийнхээ ирээдүйн санхүүгийн эрсдэлийг хуулиар хамгаалж өгсөн байдаг. Энэ систем манай улсад нэн шаардлагатай гэж үздэг дээ.
Б.Мягмарсүрэн