Халимаг эр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд 4 дэх хоногтоо гацаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олны анхаарлыг татаад буй. Харин тухайн иргэн Монгол Улсад орогнол хүссэн гэх мэдээлэл гараад буй юм. Тэгвэл энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Тус ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Энэ асуудал нь хилийн зөрчлийн асуудал. Одоогоор албан ёсоор оргонол хүссэн зүйл байхгүй.
Хил нэвтрэх бичиг баримтын зөрчил тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Ийм зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлагаа л тавьж ажиллана" гэлээ.
Харин энэ талаар Гадаадын иргэн харъяатын газраас тодруулахад мөн л албан ёсоор орогнол хүссэн зүйлгүй гэх мэдээллийг өглөө.