G-NETS буюу “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” хотын дарга нарын форум Япон Улсын нийслэл Токио хотноо эхэллээ. Уг форумд Улаанбаатар хотын төлөөлөгчид оролцож байна.
НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат тэргүүтэй албаны зарим төлөөллүүд Токио хотноо зохион байгуулагдаж буй “City-Tech Tokyo” үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
“City-Tech Tokyo” үзэсгэлэн нь хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж шинэ техник, шийдэл бүтээж буй старт-апп компаниуд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, цаашлаад бусад улсын компаниудтай хамтарч ажиллах боломж бүрдэх юм. Уг технологийн үзэсгэлэнд нийтдээ 30 орчим улсын, 100 гаруй хотын технологийн 300 гаруй компани оролцож байгаа аж.
Тус технологийн үзэсгэлэнд Монгол Улсаас “Metaforce” болон “Fibo Global” ХХК-иуд оролцож байна. “Metaforce” ХХК нь мета ертөнцөд Улаанбаатар хоттой танилцах, аялах, худалдаа болон банкны үйлчилгээ авах зэрэг шийдлүүдийг нэвтрүүлсэн технологийн шинэ флатформоо танилцуулж буй бол “Fibo Global” ХХК нь үүлэн технологийн серверийн үйлчилгээгээ олон улсад танилцуулж байна.