Монголчууд бид эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн өөрсдийн гэсэн үнэт түүх, өв соёлтой ард түмэн. Тэр ч утгаараа бид Үндэсний их баяр наадам хийгээд сар шинийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан зөвхөн эрийн гурван наадмын нэг хэмээгддэг сур харваа тэр дундаа нум сумны талаар соёлын биет өвийг тээгч М.Баярмаатай хэсэг хором ярилцсан юм.
Түүний хадам аавыг н.Сүхбаатар гэдэг бөгөөд биет бус өв тээгч, зургаа дахь үеийн урлаач, Улсын мэргэн гэнэ. Харин ханийг нь С.Болдбаатар гэдэг аж. Бага балчир наснаасаа эхлэн аавынхаа харвасан сумыг зөөж, нум сум хийх аргад суралцсаар өнөөдрийг хүрсэн нь долоо дахь удаагийн урлаач гэх эрхэм алдрыг хүртсэн байна. М.Баярмаагийн хүүхдүүд бүгд сур харвахын зэрэгцээ нум хийх аргад ч суралцаад амжжээ.
Гэр бүлээрээ энэхүү өв соёлыг тээж, үр хойчдоо сурталчилж түгээн дэлгэрүүлж яваа түүний хувьд нум сумыг дан ганц эрийн гурван наадмын нэгэн төрөл хэмээн үзэх нь өрөөсгөл ойлголт гэдгийг хэлж байлаа.
Учир нь нум сум бол айл гэрт байвал муу зүйлээс урьдчилан сэргийлдэг, хэл ам, хэрүүл тэмцлээс хол байлгах нэг ёсны дом болохын зэрэгцээ хүндтэй зочиндоо зориулан барьдаг өвөрмөц бэлгийн нэг хэмээн учирлаж байв.
Чингис хааны үед бүү хэл түүнээс өмнө саадаг нумыг хэрэглэж ирсэн үүх түүх бидэнд бий учир айл гэр болгон хоймроо залж, хүүтэй айл дом болгон хүүдээ бэлдэж, охинтой айл хүүтэй болохыг бэлгэдэн охиндоо бэлэглэж байсан. Гэвч нэг хэсэг энэ ёс алдагдаж, зөвхөн эрийн гурван наадмын нэг төрөл хэмээн тооцдог болжээ. Энэ мэт сонирхолтой яриа өрнүүлсэн хэсэг хормыг дараах видеоноос хүлээн авч үзээрэй.