Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орон нутгийн 27 эмнэлэгт нэн шаардлагатай байсан яаралтай тусламжид ашиглах ОХУ-д үйлдвэрлэсэн туулах чадвар сайтай шинэ УАЗ-469, УАЗ пургон автомашиныг хүлээлгэн өглөө. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн хоёр жилд автомашины парк шинэчлэлд нийт 160 гаруй 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Ингэснээр улсын хэмжээнд эмнэлгүүдийн түргэний машины парк шинэчлэлт 90 гаруй хувьд хүрч, өвөлжилтийн бэлтгэл хангагдаж буй аж.
Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж байна. Тухайлбал Улсын гуравдугаар төв эмнэлэгт 4.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн MRI, Ангиографийн аппарат, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 825 сая төгрөгийн өртөг бүхий Компьютер Томографийн аппаратыг тус тус суурилуулж ашиглалтад оруулсан бол, Дорнод аймаг дахь БОЭТ-д вакум мэс заслын өрөөг 600 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгчээ.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн баасан гарагт эрчимт эмчилгээний болон дурангийн оношилгооны зэрэг 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий аппарат хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдэд хүлээлгэн өглөө.