УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 2-ны 00:00 цагаас албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн сонгуульд 14 нам, эвсэл, 121 бие даагч өрсөлдөж байна.
Сонгуулийн сурталчилгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс буюу зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгааг эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
Мөн Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан юм. Уг журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тусгасан бол нэр дэвшигчид цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулах боломжгүй бол уулзалтыг хоёр цагаас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зайг 1.5 метр байх зөвлөмжийг мөрдөхөөр тусгасан байна.
Засгийн газрын 188 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Тус журамд УИХ-ын сонгуулийн сурталчилгааг зохион байгуулахтай холбоотой дараах зохицуулалтыг оруулжээ.
3.1 НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕД ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- 3.1 Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.
- 3.2 Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хоорондын зай 1,5 метрээс доогүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй /гар барихгүй, тэврэх, үнсэх/ зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
- 3.3 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна.
- 3.4 Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
- 3.5 Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
- 3.6 Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар /нэг удаагийн уулзалт, хурал цуглаан хоёр цагаас хэтрэхгүй/ зохион байгуулна.
- 3.7 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газар зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогчдын хоорондын зай 1,5 метрээс доогүй байх бөгөөд оролцогчид биеэр хүрэлцэхгүй /гар барих, тэврэх, үнсэх/ зайнаас харилцана.
- 3.8 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах танхимын агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэж, уулзалт хооронд хатуу гадаргуу, техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.
- 3.9 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах танхимын хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас, микрофон зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.
- 3.10 Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
- 3.11 Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэр ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
- 3.12 Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.
- 3.13 Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөнд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
- 3.14 Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.
- 3.15 Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.
- 3.16 Уулзалт, хурал, цуглааны дараа хэрэглэсэн амны хаалт болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2020.6.23-ны 00:00 цагаас өмнө дуусгана.
Нэг. Сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр
Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна.
- Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах
- Хуульд өөрөө заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах
- Сонгогчидтай уулзалт, хурал, цуглаан хийх
- Ухуулах байр ажиллуулах
- Радио телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах
- Цахим орчин ашиглах
- Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх
Хоёр. Сонгуулийн хууль бус сурталчилгаа
Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
- мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
- нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
- сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
- ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
- хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
- сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
- хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.
Гурав. Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд, түүнд хориглох үйл ажиллагаа
Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.
Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
- хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;
- зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;
- сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
- хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
- оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
- олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.
Дөрөв. Сурталчилгааны явцад хориглох үйл ажиллагаа, хязгаарлалт
Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.
Харилцаа холбооны зохицуулах хороо дараах үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана. Үүнд:
- нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг;
- сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтэлж байгаа эсэх
Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаа. Үүнд:
- Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.
- хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.
- Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээ авч болно.
Мөн хуульд заасан зөрчлийг шалгах хугацаанд санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болно.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn