АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын гишүүн А.Цэрэнбат "Хөгжлийн банктай холбоотой сонсголд яагаад зөвхөн Ардчилсан Намаас сонгогдсон албан тушаалтнуудыг дуудаад байна вэ. Ерөнхий сайд асан Сү.Батболдын үед ХБ, төмөр зам анх бий болж байсан. Тэр хүн хаана байна. Ч.Хүрэлбаатарыг яагаад сонсголд дуудахгүй байна вэ. МАН-ын гишүүд АН-ын гишүүдийг нам дээрээ дуудаад загнаж байгаа юм шиг зүйл болж байна. МАН-ын Хяналтын хорооны хурал биш шүү. Ийм байж болохгүй. Бүгдийг тэгш эрхтэйгээр дууд. АН, МАН-ын аль нь ч байсан дууд.
Сүүлийн 7 жил ХБ-ны зээлийг УИХ, ЗГ-ын тогтоолоор олгодог байсныг мэдэж авсан. Ингэж шийдсэнээс болж ХБ-ны хулгай гаарсан. Мөн 29, 30, 31, 32 дэх Ерөнхий сайдуудыг дууд, Л.Оюун-Эрдэнийг ч дууд. Ингэж байж сонсгол тэгш болно. Хөгжлийн банкнаас ганцхан АН зээл аваагүй. Гэхдээ АН зээл олгосон. Тэр нь үр ашигтай байсан. Сонсголд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг гэрчээр дууд.
Нүүрсний хулгай яагдаа алга болчив. Хэдэн залуусын коиноос болоод чимээгүй болчихлоо. Нүүрсний хэрэгт өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн эрх чөлөөнд халдах юм бол хурц хэлбэрийн эсэргүүцэл үзүүлнэ гэдгээ илэрхийлж байна.
Хулгай бол хулгай. АН, МАН-ын хулгай гэж тусдаа байхгүй. Улсын төвөөс хулгайлсан учраас хулгай бол хулгай. Ганц хүний 7 тэрбум төгрөг илрээд бусад нь яасан бэ. Ж.Мөнхбат, Г.Амартүвшин, Т.Аюурсайхан нарыг яллагдагчаар татах юм уу. Татах бол өнөө маргаашгүй тат. Манай нам нүүрсний хэрэгт холбогдсон гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, үндсэн дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хөгжлийн банктай холбоотой сонсгол хийсэн бол ЖДҮ, конценсын хулгайтай холбоотой сонсгол явуулахыг Засгийн газар, Ерөнхий сайдаас шаардаж байна” гэлээ.