Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг 2023 оныг "авлигын эсрэг" жил болгон зарласантай холбогдуулан Засгийн газраас таван Ш ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснийг бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл үүний нэг болох "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд гэмт хэрэгт шалгагдаж байгаад улмаар гадаадын улс орнууд руу яваад ирээгүй байгаа хүмүүсийг Олон улсын авлигын эсрэг байгууллага, Гадаад харилцааны яамдтай хамтран авч ирэх арга хэмжээг зохион байгуулахаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр энэ талаар тодруулж хэлэхдээ "Өчигдөр АНУ-ын Төрийн департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Узра Зэяатай уулзаж энэ чиглэлээр харилцан яриа өрнүүлсэн. Гэмт хэрэгт шалгагдаж байгаад АНУ-д очоод эргэж ирээгүй тодорхой тооны хүн бий. Эдгээр хүний дипломат болон энгийн паспортыг хүчингүй болгох, харилцан мэдээллүүдийг IACA-гийн гишүүн орнуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн Интерполын гишүүн орны хувьд харилцан хүлээсэн үүргийнхээ хүрээнд оргон зугтсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтийг өгнө. Энэ нь авлигын эсрэг шувуу ажиллагаа" хэмээсэн юм.
Ташрамд сануулахад, Монгол Улс дэлхийн 23 улстай 36 төрлийн эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан байдаг. Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ нь эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцах, ялтан шилжүүлэх, шүүх, арбитрын шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг төрөлтэй байдаг байна.