Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд эхэллээ.
Хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжсэн газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах барих төслийн танилцуулгыг шинжээч хийлээ. Нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосноос 2 орчим тэрбум төгрөгийн зөрчилтэй гүйлгээ байна гэж гарсан байна. Тухайлбал, "Молор констракшн" ХХК-ийн 530 сая төгрөг шилжүүлжээ. Эл санхүүжилттэй холбогдуулан "Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан АН-ын дарга С.Эрдэнийг гэрчээр дуудсан боловч тэрбээр эл мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр "Надад "Молор констракшн" ХХК-д хувьцаа эзэмшиж байсан түүх байхгүй. Ямар асуудалтай холбогдуулж намайг дуудсаныг ойлгоогүй. Молор констракшн" ХХК ХБ-наас зээл авсан түүх байхгүй. "Дархан гурил тэжээл" компанитай "Молор констракшн" ХХК хувьцаа борлуулсан орлогоос 530 сая төгрөгийг шилжүүлсэн юм билээ. Түүнээс биш Хөгжлийн банктай холбоотой асуудлаар холбогдож байсан зүйлгүй. Захирал Бадамцэцэг нь манай ээжийн дүү. Шинжээчийн дүгнэлт андуу ташаа буруу зүйл их байна" гэв.