Монголын бүх ард түмний XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлүүд Орхон аймагт өчигдөр снөүбоардын төрлөөр эхэлсэн.
Өнөөдөр гүйлтийн цанын тэшүүрийн төрлөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сархиа цанын бааз” дээр амжилттай үргэлжилж байна. Гүйлтийн цанын тэшүүрийн төрөлд Орхон, Төв, Булган, Хэнтий, Хөвсгөл, Увс зэрэг 10 аймаг, нийлэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул зэрэг дөрвөн дүүргээс 128 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна.
Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх зорилгоор Орхон аймаг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны нэгдүгээр сарын 8-ны 3 дугаар тогтоолоор 2020-2023 он хүртэл “Өвлийн спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийг баталсан.
2018 онд аймгийн хэмжээнд спортын 47 төрлийн секц дугуйланд 24 мянган хүн хичээллэсний 1400 орчим нь өвлийн спортын төрөл байжээ. Тиймээс өвлийн спортын төрлөөр хичээллэгсдийг нэмэгдүүлэх, багш, дасгалжуулагч, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, өвлийн спортын талбайг байгуулах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хөтөлбөр хэрэгжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд өвлийн спортыг сонгон хичээллэдэг тамирчин, сонирхогчдын тоо нэмэгдэж 4000 гаруй болжээ. Энэ оны байдлаар өвлийн спортын зургаан төрлийн дугуйланд 380 тамирчин хамрагдаж байна. Үүнээс гүйлтийн цана, дугуйт цанаар 45, уулын цанаар 100, хоккейн спортоор 90, снөүбаорд 30, мөсөн шагай 63, мөсөн сурын спортоор 43 тамирчин хичээллэж байна.
Орхон аймаг, Эрдэнэт хот зам талбай, дэд бүтэцдээ анхаарч өвлийн спортыг сүүлийн жилүүдэд сайн хөгжүүлж байгаа аймгуудын нэг юм. 2021 онд “Эрдэнэт спорт, соёл амралтын хүрээлэн”-гийн 400 м талбай, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хажуу талбайд 2,5 км гүйлтийн цанын гулгалтын талбайг бэлтгэсэн. Өдгөө 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, ахмад, залуучууд,өсвөрийн шигшээ багийн 70 гаруй тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Мөн орон нутгийн төсвөөс сургалтын цана 4, уралдааны цана 2, дугуйт цанын сонгомол төрлийн 2, тэшилтийн төрлийн 2 зэрэг нийт 10 ширхэг иж бүрэн цанын хэрэгслэлээр хангажээ. Түүнчлэн орон нутгийн 33,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цанын өсвөрийн шигшээ багийг бэлтгэлийн болон уралдааны цана тэшүүрээр хангасан нь тамирчдадаа дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт болжээ.