Украин Улсын ерөнхийлөгч В.Зеленьский өчигдөр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Туркэд тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Тэрбээр Твиттер хуудастаа “Туркэд болсон газар хөдлөлтийн улмаас олон зуун хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн тухай мэдээд үнэхээр цочирдсон. Ийм хүнд үед бид найрсаг Туркийн ард түмний талд зогсож, шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн” гэж бичжээ.
Мөн Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба “Турк руу олон тооны аврах ажилчдыг илгээхэд бэлэн байна. Бид Туркийн талтай нягт хамтран ажиллаж, аврагчдыг хаана байршуулахаа зохицуулахаар ажиллаж байна” гэж жиргэжээ.
Сүүлийн мэдээллээр Турк-Сирийг дамнан хүчтэй газар хөдөлсний дараа 60 гаруй улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна. Пакистан Улс хоёр С-130 онгоцоор 36 авран хамгаалагчийг илгээжээ.