Энэ сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн үйл явдал болсон.
Эдгээр дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байсан юм. Өчигдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт өглөө.
Түүнчлэн талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэл өглөө.
Осол болсон өдөр хүүхдүүд 10 уулаа явж байсан юм. Газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харж байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгав гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.