Туркийн өмнөд бүс нутгийн 10 гаруй хот Сирийн зарим хотуудад өнөөдөр үүрээр 04.16 цагийн үед болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 15 цагийн байдлаар Туркэд 284 хүн амь үрэгдэж 2383 хүн гэмтэж бэртсэн, Сирид 111 хүний амь үрэгдэж 500 гаруй хүн гэмтэж бэртэн олон тооны барилга байгууламж, хот хоорондын автозамууд нурж эвдэрсэн талаар олон улсын агентлагууд мэдээлж байна.
Сирийн 30000 хүн амтай Харим тосгон бараг газрын хөрснөөс арчигдсан гэнэ. Энэ нь 1999 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш тохиож байгаа хамгийн өндөр хүчтэй газар хөдлөлт юм байна. Мөн одоо хүртэл энэхүү газар хөдлөлтийн үргэлжлэлүүд мэдрэгдсээр байгаа бөгөөд нийт 32 тохиолдлоос 6,6 балл хүчтэй нь Газиантеп хотод мэдрэгджээ. Турк улсын ихэнх хотуудаар энэхүү өдрүүдэд хүчтэй цас бороон шуургатай, цаг агаар хүнд байхад энэхүү газар хөдлөлт тохиолдсоноор маш олон иргэд гудамжинд гарсан, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч хамгийн сүүлийн мэдээгээр 18 цагийн байдлаар амь үрэгдсэн хүний тоо 912-т хүрчээ.
Дээрх ноцтой гамшигт үзэгдлийн улмаас Турк улсын Гадаад хэргийн сайд бусад улс, орнуудаас тусламжийн гараа сунгах хүсэлт тавиад буй талаар эх сурвалжууд мэдээллээ.