Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр БНХАУ-ын “Пушиан Биоэнержи” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Пушиан Биоэнержи” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо, нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов.
Уулзалтаар нийслэлийн Налайх дүүрэгт хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны станцыг барих асуудлаар санал солилцлоо. “Пушиан Биоэнержи” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо “Манай хог хаягдал боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр нь хоногт 5000 тонн хог хаягдлыг боловсруулах хүчин чадалтай бөгөөд 100МВт-ын уурын турбиныг ашиглан жилд 500 гаруй сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн ашиглалт, үйлчилгээний чанарын үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг. Энэ салбарт хуримтлуулсан туршлагаасаа үндэслэн хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар судалгаа хийж байна” гээд энэ талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын Захирагчид илэрхийлэв.
Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод айлчилж, хотын хог хаягдлыг боловсруулахад анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллах санал, санаачилга гаргаж байгаад талархалтай байна. Бид энэ талын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талын судалгаа хийж байгаа. Хуулийн хүрээнд хамтарч ажиллахад нээлттэй” гэсэн юм.