Улс орон даяар зохион байгуулж байгаа Зөвлөлдөх санал асуулгын эхний үе 2023.01.26-ны өдрөөс эхэлсэн бөгөөд түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс утсаар болон, хуудсаар саналыг нь авч эхлээд буй.
Тэгвэл "Иргэдийн оролцооны нэгдэл" намын дарга Л.Оюунгэрэл өөрийн твитр хуудсаараа дамжуулан "Зөвлөлдөх санал асуулгын асуултууд Үндсэн хууль зөрчиж байна" хэмээн шүүмжлэв.
Тодруулбал, Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг тусгахгүй хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч санал асуулгад оролцсон иргэдээс Үндсэн хууулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхийг та дэмжих үү гэсэн асуултыг утсаар асууж, иргэний өмнөөс хариултыг бөглөж байгаа нь маш том хардлагыг төрүүлж байна хэмээн шүүмжилжээ.