Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус худалдан авахаар болсон. Үүний 117-г нь НЗДТГ хүлээн авч, үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна. Харин үлдсэн 107 автобус БНХАУ-д үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд Сар шинийн баярын дараа манай улсад хүлээлгэн өгөх юм.
Ингээд үйлчилгээнд нэвтрээд буй автобус, парк шинэчлэлийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч. Батсууриас тодрууллаа.
-Парк шинэчлэлийн хүрээнд 117 автобусыг БНХАУ-аас хүлээн авсан байна. Бүгд үйлчилгээнд нэвтэрсэн байгаа юу?
-Эхний ээлжийн 117 автобус Монгол Улсын хилээр орж ирснээс 115 автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Тус автобусуудыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 90, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т 25-г нь хүлээлгэн өгсөн. Мөн хүүхдийн 50 автобусыг нэмж авна. Ингэснээр өнгөрсөн жил авсан 22 автобустай нийлээд нийт 72 автобус хүүхдүүдэд үйлчилнэ.
-Нийтийн тээврийн шинэ автобусууд явж эхэлснээр энэ салбарт ямар ахиц гарч байна вэ?
-Нийслэлд өдөрт 970-980 автобус явж байгаа. Шинэ автобус хэд орж ирнэ. Тэр тоогоор насжилт өндөртэй автобусууд хасагдаж байна гэсэн үг. Автобус замын дунд эвдэрч зогсох, гэмтэх зэрэг асуудал их бий. Харин шинэ автобус үйлчилгээнд явснаар энэ асуудал багасна. Мөн үйлчилгээний стандарт эрс сайжирсан. Ая тухтай, тохитой, дулаан байх зэрэг давуу талтай.
-Энэ жил 224 автобус хүлээн авах юм байна. Тэгвэл өнгөрсөн онд ер нь хэдэн нийтийн тээврийн хэрэгсэл орж ирсэн бэ?
-Өнгөрсөн онд нийт 91 автобус хүлээж авсан. Их багтаамжийн 60, хүүхдийн 20, цахилгаан дан болон давхар 11 нийтийн тээврийн хэрэгсэл хүлээн авсан. Эдгээр автобус 2022 оны зургаадугаар сард үйлчилгээнд явж эхэлсэн байдаг.
-Үйлчилгээнд нэвтрээд жил ч болоогүй автобусуудын шал нь ховхорсон, эвдэрсэн гэх иргэдийн гомдол их гарсан. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ. Энэ жилийнхээс ялгаатай юу?
-Өнгөрсөн жил болон энэ жил орж ирсэн автобусууд бүгд нэг үйлдвэрийнх. Өнгөрсөн жил орж ирсэн автобустай холбоотой ганц нэг гомдол ирсэн. Гэхдээ энэ бол хэрэглээний асуудал. Мэдээж тодорхой хэмжээний элэгдэл гарна. Нийтэд нь хамааруулж болохгүй. Үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай. Шинэ автобусуудын хувьд өнгөрсөн жилийн автобусаас сайжруулсан байгаа. Хуучин 6400 сс мотортой байсан бол шинэ автобусууд 8000 сс мотортой. Хүчин чадал нэмэгдсэн. Техникийн үзүүлэлт сайжирсан. Мөн хяналтын камерын тоо болон багтаамж нэмэгдсэн. Түүнчлэн онлайнаар холбогдох, хянах боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрээс Замын-Үүд-Улаанбаатар хүртэлх замын тээвэр халтиргаа гулгаа ихтэй байгаа. Өвлийн халаагуурын системийг турших гэх мэт өвлийн улиралд бэлтгэл ажил их шаарддаг учраас өвлийн улиралд анх удаа олон тооны автобусыг үйлчилгээнд гаргаж байгаагаараа онцлог юм.
Б.Арвинзаяа