Эрүүгийн цагдаагийн газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өөрийнх нь нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулсан. Түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч ирсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл түүний хэрэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзулыг шалгаж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, С.Батдөл нь УБТЗ-ын хувь, хувьсгалын бүх төрлийн вагон, галт тэргийн цувааг хааш нь яаж явуулах, дарааллын урд хойно оруулах эсэхийг дарга нарын үүрэг даалгавраар вагоны эргэлтийг хурдлуулдаг гэх мэдээлэл бий.
Тээврийн компаниудад давуу байдал бий болгож, их хэмжээний авлига авдаг гэх энэ асуудалд хааш нь ямар вагон ачуулах хуваарийг боловсруулж батлуулдаг хүн нь одоогийн ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын эхнэр, Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлтийн инженер Ц.Ганзул гэх эмэгтэй байдаг гэх мэдээлэл байна. Ц.Ганзулын албанаас төлөвлөж, боловсруулан хуваарийн дагуу С.Батдөл гарын үсэг зурж баталгаажуулдаг гэсэн үг юм.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй. Гомдол мэдээлэл ирсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэлээ.