Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөрийг намын даргаар бүртгүүлэх “төлбөр“ ҮХНӨ байх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 7 секунд

Гэрэл зургийг mpa.mn

2016 оны сонгуулиас хойшоо сэм салж, 2020 оноос хойш бүр салсан АН-ынхан өчигдөр ямар ч байсан нэгдэж хурлаа хийлээ. Ингээд өрсөлдөгчөөсөө 23 хүний санал илүү авсан Лу.Гантөмөрийг АН-ын шинэ даргаар батламжилж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр тогтов. Лу.Гантөмөрийг намын дарга болох тохироо явагдсан гэдгийг манай сайт өнгөрсөн оны 11 дүгээр сард "С.Баярцогт гэх "шүхэртэй" Лу.Гантөмөр Ардын намыг барьц алдуулах уу" гэх нийтлэлээрээ хүргэж байсан билээ.

Лу.Гантөмөрийн хувьд одоо л жинхэнэ сорилттой тулна. Нэгдүгээрт намын даргаар Дээд шүүхэд бүртгүүлэх, хоёрдугаарт намынхаа хагарсан хэсгийг буцаан нэгтгэх. Улмаар сонгуульд орох гэсэн их ажлууд түүнийг хүлээж байна. Иргэдийн итгэлийг олж авах эсэх нь эхний хоёр ажлыг хийсэн нөхцөлд бараг л автоматаар хүлээлт үүсгээд ороод ирэх байх.

Тэгвэл намын даргын бүртгэл хийгдэх үү гэдэг хамгийн чухал асуулт нэн түрүүнд гарч ирнэ. Мэдээж нам дотроос нь С.Эрдэнэ эсэргүүцнэ. Номын дагуу эсэргүүцээд ч эхэлсэн. Түүнд тамга байгаа. Нөгөө талд нь МАН эрх мэдэл атган сууна. Сая С.Баярцогт Ерөнхийлөгчийн зүгээс битүүхэн дэмжлэгтэй байсан. Харин Лу.Гантөмөр Ерөнхий сайд, генсек зүгээс илүү дэмжлэг авчих шиг боллоо. Уг нь МАН-д хамгийн эвгүй өрсөлдөгч нь Лу.Гантөмөр байсан хэдий ч дотоод зөрчлөөсөө болж арга буюу эрсдэлтэй бооцоо түүнд тавьчихлаа гэж харахаар байна.

12 сард хурлаа хийж өнөөдрийг үйл явцыг өрнүүлэх талаар АН-ынхан ярилцаж байсан ч улс төрийн аргаа өөрчилж 1 дүгээр сард Үндсэн хуулийн өдрөөс эхэлж дарга сонгох үйл явцаа өрнүүлсэн нь цаанаа учиртай. Бас улс төрийн мессежтэй юм. Уг үйл явцыг хоорондоо хуваагдчихаад байсан УИХ дахь АН-ын бүлгийг 11 гишүүний 10 нь нэгдэж өрнүүлсэн. Саяын хурлын толгой, манлай нь намын бүлэг дээрээ байлаа. Тиймээс тэд намын даргаа бүртгүүлэх улс төрийг МАН-тай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “тулахаар” шийдсэн бололтой.

Дээр нь намын даргаар сонгогдохоор тохироо хийсэн Лу.Гантөмөр телевизийн ярилцлагад орох үеэрээ “Заавал Үндсэн хууль өөрчилж асуудлыг шийдэх албагүй” гэдэг өнцгийг ч унагаад амжив.

Үндсэн хуулийн өдөр нэгдлийн эхний хурлаа хийсэн. Нэгдсэн АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нухацтай хандаж томоохон ажлын хэсэг байгуулна гэж ҮБХ-ны дарга Ж.Батсуурь зарлаж байх жишээний. Энэ бол шууд утгаараа АН-ын даргыг Дээд шүүхэд бүртгүүлэх үйл явцад саад болвол МАН-ын хүсээд байгаа ҮХНӨ-ийг Ардчилсан нам дэмжихгүй шүү гэсэн улс төрийн мэдэгдэл. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын дарга нарын хувьд энэ хавартаа багтаж ҮХНӨ-ийг явуулахгүй л бол хаврын улс төрөө даах уу, үгүй юу дээрээ тулж мэднэ. Даалаа гэхэд сонгуульдаа хасах оноотой орно.

УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүн дэмжсэн нөхцөлд Үндсэн хуулиа өөрчлөх эрхтэй. Ингэхээр нэгдүгээрт АН-ын 11 гишүүний кноп нь тоо, тогтолцоог өөрчлөх зорилготой ҮХНӨ-д ус агаар мэт хэрэгтэй. Өнгөрсөн наймдугаар сард “давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд МАН-ын гишүүдийн тоо 55 хүрээд гацсан. Энэ эрсдэлийг эрх баригчид урдаас тооцсон учир АН-ын бүлгийг О.Цогтгэрэлд өгөх хуулийг нь баталж, УИХ-ын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар уншиж танилцуулснаар АН-ын зургаан гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, тоо гүйцээсэн. Хэрвээ энэ хэд дэмжээгүй бол МАН онигоо болж, Ерөнхий сайд огцрох замдаа гарах байв. Дээр нь Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц амаргүй. Намууд болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай ойлголцсон нөхцөлд л урагшаа явна. Тийм байхад муу ч, сайн ч АН-тай ҮХНӨ-ийн өмнө муудалцах хэцүү. Ядаж байхад нөгөөдүүл нь ирээдүйн албан тушаалын төлөө нэгдэх зам дээрээ гарчихсан байгаа ч хэлэх үү.

Хэрвээ Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг хийхгүй бол нэгдлийн эхлэлээ тавьчихсан АН-ынхан бүлгээрээ, бас гадна байгаа улс төрийн зүтгэлтнүүдээрээ дамжуулан ҮХНӨ-ийн эсрэг, МАН-ын эсрэг акц явуулах нь тодорхой. Дамжаад ЗГ-ыг огцруулах жагсаал цуглаан ч зохион байгуулна.

Яг үнэндээ өнөөдөр С.Эрдэнэд тамга л байгаа. Өөрийнх нь өнгөрсөн хавар өөрчилж Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр сая Лу.Гантөмөр намын даргад сонгогдчихсон. Явж, явж С.Эрдэнийн ард МАН-ынхан л байгаа. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнэ өөрөө нэр дэвшиж үүнийг тов тодорхой баталсан. Тиймээс С.Эрдэнэ бол МАН-ын “гондом” төдий зүйл. Хэрэглэж дууссан бол хаяхаас өөр гарцгүй тийм л хэрэглэгдэхүүн. Үнэндээ түүний талд АН-ын гялайх, гялтайх ганц ч гишүүн нь үлдсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн эсэргүүцэл, МАН-ын дэмжлэггүй л бол хол явахгүй. Гэхдээ л тэр орхилно. Ядаж сайдын суудал, жагсаалтын эхний квот, хүмүүсээ нэр дэвшүүлэх тойрог авч байж л дуугүй болно.

АН-ын даргыг сонгох улс төртэй зэрэгцэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг явуулах байна гээд Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой муудалцсан, шүүгчдийн авлигын асуудлыг дэлбэлнэ гэдэг дээрээ тулсан. Энэ бол цаад агуулгаараа Дээд шүүхийн шүүгчийг солих процесс явж буйг илтгэх үйл явц юм. Мөн О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар тавих тохирооноос эхлээд ард нь явж ирсэн Х.Баттулга сая Лу.Гантөмөрт “бооцоо”-гоо тавьж орсон. Хэрэв санаж буй бол 2021 оны 11 сард О.Цогтгэрэлийн талынхан Х.Баттулгыг ил цагаан дагаж гүйдэг байхдаа хийсэн онц их хурлаасаа О.Цогтгэрэл өөрийгөө намын дарга, Лу.Гантөмөрийг генсекээрээ тавьж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийг Женкогоос дэмжлэг аваагүй гэвэл бурхан гомдох биз.

Энэ агуулгаараа өөрийнхөө тавьсан Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээрээ дамжуулаад бүртгүүлэх үйл явцад нөлөөлөх талтай. Сая Д.Ганзоригийг Цэцэд өгсөн нь нэгдүгээрт С.Баярцогтыг унагах, хоёрдугаарт Лу.Гантөмөрийг бүртгэхгүй бол асуудал үүсгэж, солих мөрөөдөлдөө умбаж яваа Ерөнхий сайдад тусална шүү гэдгээ Ерөнхий шүүгчид харуулсан үйлдэл юм.

Тэгээд ч энэ удаад Дээд шүүх нэгдсэн АН-аас ирэх шаардлагын “гал”-ыг даахгүй. Бүртгэх үйл явцад нь ч энэ удаад МАН ч нөлөөлөхгүй байх болов уу. Улс төр яаж өрнөхийг хамтдаа харцгаая. Ганцхан үнэн бол АН сэхэх нь Монголд ч, ардчилалд ч, МАН-д ч хэрэгтэй.

С.Эрдэнэ: Лу.Гантөмөр хууль бус дарга. Өнөөдрийн хурлууд дүрмийн бус улс төрийн жүжиг
С.Эрдэнэ: Лу.Гантөмөр хууль бус дарга. Өнөөдрийн хурлууд дүрмийн бус улс төрийн жүжиг
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.